Үзэсгэлэн худалдаанд 12 сум, нэг тосгоны үйлдвэрлэгчид 61 төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-11 12:00:06

Булган /МОНЦАМЭБулган аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран Булган суманд “Намрын ногоон өдрүүд-Булганд үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. 

Тус үзэсгэлэн худалдаанд 12 сум, нэг тосгоны үйлдвэрлэгчид 61 төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Ихэвчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох мах, гурил, төмс, хүнсний ногоо, сур, суран эдлэл худалдан борлуулж байна. Мөн сумын брэнд бүтээгдэхүүн болох хар будаа, арвайн гурил, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүн эрэлттэй байгаа талаар худалдаачид ярьж байна.

- Энэ арга хэмжээ үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрыг холбох гол зорилготой. Тухайлбал төмс тариалж байгаа  ногоочид маань зах зээлд нийлүүлэхдээ нэг кг төмсийг 400 орчим төгрөгөөр өгдөг. Худалдаа эрхлэгчид төмсийг 800-1000 төгрөгөөр борлуулж байна. Тэгэхлээр үйлдвэрлэгч, хэрэглэгчийг ойртуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ченжээр дамжуулалгүй, ногоочид, иргэд хоорондоо харилцан ашигтай арилжаа хийх боломжийг бүрдүүлж байгаа юм гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.

Намрын ногоон өдрүүд-Булганд үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаа ирэх ням гараг хүртэл үргэлжлэх юм байна.

Холбоотой мэдээ