Ардын жүжигчин Ч.Шархүүхэний нэрэмжит уртын болон ардын дууны наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-12 20:30:29

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Шархүүхэний нэрэмжит айзам их уртын дуу, ардын богино дуулаачдын улсын хоёрдугаар уралдаант наадам Чингис хотод эхэллээ.


Театр чуулгын урын санг баяжуулах, залуу уран бүтээлчдийг дэмжих, соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, дуучдын дуулах арга барил, хэв намба, дэг сургалтыг судлах, сурталчлах зорилгоор тус наадмыг зохион байгуулж байна.

Наадмын нээлтэд МУАЖ Ч.Шархүүхэн, аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Соёл урлагийн газрын дарга, МУГЖ Г.Эрдэнэбат, УДБЭТ-ын захирал, МУГЖ Ц.Түвшинтөгс, МУСГЗ, доктор Ж.Саруулбуян, СУИС-ийн уртын дууны багш, профессор, МУГБ Ц.Дэлгэр, МУГЖ, дуучин Б.Сарантуяа, МУГЖ С.Нансалмаа, Хөгжмийн зохиолч, МУСТА Б.Авирмэд болон бусад уран бүтээлчид оролцлоо.


Наадмын нэгдүгээр шатанд Улаанбаатар хот, Хэнтий, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн нийт 27 уран бүтээлч оролцож байна. Уралдааны шалгаруулалтыг А буюу Уртын дууны хэсэг, Б буюу Ардын богино дууны хэсэгт хувааж явуулах аж. А, Б хэсэгт оролцогч тус бүр АЖ Ч.Шархүүхэний урын сангаас сонгож оролцохоороо онцлогтой. 


Сүхбаатар аймгийн Халзан суманд төрж, Хан Хэнтий нутагт үүрээ зассан талын дууч шувуухай Ч.Шархүүхэн өдгөө 80 хэдийнэ хол давсан азай буурал болжээ. Өнөөдөр түүний хөдөлмөр алдрыг мөнхжүүлэх, хүндэтгэл үзүүлэх зорилгоор зохион байгуулж буй уг наадмын үеэр түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн байна. 


"Монголын ард түмний үүх түүх, өв соёлын илэрхийлэл болсон уртын болон ардын дууны наадмыг уламжлал болгохоос гадна энэ гайхалтай урлагийг дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх цаг нь болжээ. Иймийн тулд хуульчилж өгснөөр зохион байгуулалтыг төрөөс дэмжих бүрэн боломжтой" гэж Соёл урлагийн газрын дарга, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат нээлтийн үеэр ярилаа. Айзам их уртын дуу, ардын богино дуулаачдын улсын хоёрдугаар уралдаант наадам маргааш өндөрлөнө.

Холбоотой мэдээ