Сансарт анх удаа хиймэл мах ургуулжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-10-10 10:43:32

МОСКВА. /TASS/. Израилын “Aleph Farms” компани ОХУ болон АНУ-ын түншүүдтэйгээ хамтран сансарт анх удаа хиймэл мах ургуулснаа “Twitter” хуудсандаа мэдээлжээ.


Олон улсын сансрын станцад /ОУСС/ явуулсан туршилтын аргын гол зорилго нь үхрийн булчингийн эд эс нөхөн сэргэх үйл явцыг хуулбарлах аж. Сансрын нисэгчид Оросын “3D Bioprinting Solutions” компанийн бүтээсэн 3D тусгай био-принтерийн тусламжтайгаар ердөө хэдхэн миллиметрийн хэмжээтэй, үхрийн хиймэл мах ургуулж чадлаа гэж био-принтерийн төслийн удирдагч Юсеф Хесуани мэдээлсэн байна.


Мах ургуулахын тулд “3D Bioprinting Solutions” компанийн мэргэжилтнүүд үхрийн эд эсийг авч, тусгай орчинд ургуулсныхаа дараа түүнээсээ булчингийн хиймэл эд эс гарган авч байгаа аж. Таталцлын хүчээр хязгаарлагддаг тул дэлхий дээр энэ үйл явц илүү удаан, мах нь нимгэн давхаргад ургадаг байна. Харин таталцлын хүч дэлхийтэй харьцуулахад бага байдаг ОУСС-д булчингийн эд эс маш сайн ургадаг бөгөөд энэ үйл явц илүү хурдан явагддаг ажээ.


ОУСС дээр “үхрийн мах үйлдвэрлэх” туршилтыг есдүгээр сарын сүүлээр хийсэн бөгөөд долоо хоног үргэлжилжээ. Мэргэжилтнүүд мөн туулай, загасны хиймэл мах ургуулахаар төлөвлөж байгаа гэнэ.


Нэг кг хиймэл мах үйлдвэрлэхийн тулд 10 мянгаас 15 мянган литр ус шаардагддаг байна. Одоогоор ОУСС дээр ийм хэмжээний нөөц байхгүй боловч юутай ч сансрын нөхцөлд хиймэл мах үйлдвэрлэх боломжийг судлахын тулд туршилт чухал гэж “Aleph Farms” компанийн хэвлэлийн мэдээлэлд дурджээ. Тус компани 3D био-принтерийн тусламжтайгаар үхрийн махны эд эсээс мах ургуулдаг байна.


Холбоотой мэдээ