“Иргэдээ сонсъё” өдөрлөгт 1000 гаруй иргэн оролцов

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-10 12:55:07

Ховд /МОНЦАМЭ/. “Иргэдээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг аравдугаар сарын 5-10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд боллоо.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Тэгвэл Ховд аймаг “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр” батлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас санаачлан Цагдаагийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, ХХҮГ зэрэг байгууллагатай хамтран “Иргэдээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан юм.

Өдөрлөгийн үйл ажиллагаа сумын иргэдэд төрөөс баримталж буй бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцуулах, тэдний санал хүсэлтийг сонсох, шийдвэрлэх улмаар үйл ажиллагаандаа зарим саналыг тусган хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байв. 

Ховд аймгийн Жаргалант сум нь 12 багтай. Тус суманд 40 мянга гаруй хүн амьдарч буй. Энэ утгаараа "Иргэдээ сонсъё" нээлттэй хаалганы өдөрлөгт иргэдийг хүртээмжтэй хамруулах зорилгоор нэг өдөрт хоёр багийн иргэдтэй уулзах зарчмаар  тэдний санал хүсэлтийг хүлээн авч ажиллажээ. Ингэснээр зургаан өдрийн хугацаанд 1000 гаруй иргэн өдөрлөгт оролцож, дуу хоолойгоо хүргэсэн байна. 

Иргэд гэр хорооллын бүсийн орчны бохирдол, хог хаягдлыг бууруулах, Наран багийн нутаг дэвсгэрийн намагжилтыг багасгах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, нохой устгах ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг сайжруулах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавих, дэд бүтэц, шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэх, төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, ус түгээх цэгүүдэд эрүүл ахуйн стандартыг хангах, эвдэрсэн замыг нөхөх, засварлах зэрэг нэлээд санал уламжилж байв.

Цаашид иргэдийн саналыг шийдвэрлэхэд анхаарч, зарим асуудлыг холбогдох байгууллагад уламжлах замаар ажиллана гэж Жаргалант сумын Засаг дарга Б.Гантөмөр хэллээ.

Ийнхүү Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас иргэдийн санал хүсэлтийг сонсох нээлттэй өдөрлөгийг гурав дахь удаагаа зохион байгуулснаараа онцлогтой.   


  

Холбоотой мэдээ