Казах иргэдийн өв соёлын наадам Ховд суманд болов

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-08 20:18:30

Ховд /МОНЦАМЭ/. Казах үндэстний соёлыг залуу хойч үед өвлүүлэх, сурталчлан таниулах зорилго бүхий “Алтай бүргэдүүд” казах иргэдийн өв соёлын наадмыг Ховд суманд анх удаа  зохион байгууллаа.

Энэхүү наадмыг "Алтай Кырандары" ТББ-аас санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ховд сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран зохион байгуулснаараа онцлогтой.

“Алтай бүргэдүүд” казах иргэдийн өв соёлын наадам харилцаа дуу, казах бөхийн барилдаан, морьт залуусын наргиант уралдаан, тулам булаацалдах тэмцээн, казах гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зэрэг зургаан төрлийн үйл ажиллагааны дагуу өрнөж, үндэсний  уламжлалт өв соёлыг сурталчлав.

Тодруулбал, “Миний урлан” казах угсаатны гар урлалын үзэсгэлэнд 17 эмэгтэй оролцож, өөрийн гараар урласан оёмол, хатгамал бүтээлээ олон нийтийн хүртээл болгосон.

Энэхүү наадмын цар хүрээг өргөжүүлэх замаар жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна гэж албаны эх сурвалж хэллээ.

Ховд аймгийн нийт хүн амын 12.8 хувийг казах үндэстэн эзэлдэг бөгөөд Ховд суманд олноороо суурьшин амьдарч байна. 

Холбоотой мэдээ