Б.Анхбаяр: Дотоодод үйлдвэрлэсэн шатахууны үнийг 1000 төгрөгт барихаар тохиролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-08 14:03:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэв.


Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банкны 1 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн зөвлөх компаниар шалгарсан БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компанийн боловсруулсан ТЭЗҮ-ээр газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нийт 1 тэрбум 236 сая ам.доллар байхаар тооцоолжээ. Тиймээс нэмэлт 236 сая ам.долларыг 20 жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэйгээр БНЭУ-ын  Экспорт-Импорт банкнаас зээлэхээр тохирсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, Б.Чойжилсүрэн, Д.Оюунхорол, Ж.Батзандан, О.Батнасан нар асуулт асууж, санал хэллээ. Газрын тосны үйлдвэр барьснаар бензин, шатахууны үнэ нэг литр нь 900 төгрөг байх УУХҮЯ-ны байр суурь, тооцоо хэвээр байгаа эсэхийг УИХ-ын гишүүд тодруулж байлаа. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн ТЭЗҮ-ийг Энэтхэгийн компаниар хийлгэсэн шалтгаан, цаашид үйлдвэр ашиглалтад орсноор гарах дайвар бүтээгдэхүүний ашиглалтын талаар лавлав. 


УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр, "БНЭУ-ын Экспорт-Импорт банк өөрийн гэсэн шаардлага тавьдаг. Энэ шаардлагад нийт зээлийн 65 хувьд нь тус улсаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авна гэсэн байгаа. Иймд ТЭЗҮ-ийг “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулсан. 2018 оны 12 дугаар сард газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг үндэслэн үйлдвэрээс гарах нэгж бүтээгдэхүүний үнэ 900 төгрөг гэж байсан. Гэвч нэмж 236 сая ам долларын зээл авах болсны дагуу нэгж бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өсах магадлалтай. Бид нэгж бүтээгдэхүүний үнийг 1000 төгрөгт барихаар ТЭЗҮ хийсэн болон менежмент хийж байгаа компанийнхантай тохиролцож байгаа. Түүнчлэн евро стандарт хангасан АИ-95, АИ-92, АИ-98  болон дизель, онгоцны түлш үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор  гарах дайвар бүтээгдэхүүнийг ч чухалчилж авч үзсэн. Бидний сонгосон үйлдвэр эхний ээлжинд түлш, шатахуун үйлдвэрлэх бөгөөд бага зэргийн мазут, хий зэргийг гаргана. Үүнийг үйлдвэрийнхээ цахилгаан станцад ашиглахаар ТЭЗҮ-ийг боловсруулсан" гэлээ.


УИХ-ын гишүүд дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн үнээс хямд байхад анхаарахыг сануулж байв. Түүнчлэн газрын тосны үйлдвэрийн түүхий эдийн нийлүүлэлт тасралтгүй байхад анхаарч, дотоодын хайгуулаа нэмэн нөөц бүрдүүлэх бодлого баримтлахыг захиж байлаа. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь дэмжлээ. Уг асуудлыг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо болон Аюулгүй байдлын байнгын хороо хэлэлцэж, энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар эцэслэхээр төлөвлөж буй юм.

Холбоотой мэдээ