Сирид парламентын сонгуулийн өмнө “чимээгүй өдөр”-ийг зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-12 10:45:11

ДАМАСК. /TASS/. Сирид Үндэсний зөвлөл буюу парламентын сонгууль болохоос нэг өдрийн өмнө нийслэл Дамаск хотод “чимээгүй өдөр”-ийг зарласныг тус улсын Сонгуулийн хорооны дарга, шүүгч Хишам аш-Шаар мэдэгдлээ. Түүний хэлснээр дөрөвдүгээр сарын 12-ны өглөөний 7 цагаас эхлэн сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно.

“Хотын гудамжуудад наасан нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажилдаа ашиглаж байсан бүх зурагт хуудсыг цэвэрлэх үүргийг холбогдох албадад өглөө” гэж тэрбээр хэлжээ.

Дөрөвдүгээр сарын 13-нд болох сонгуулийн өдөр Сирийн нийслэл болон мужуудын хотуудад сонгуулийн 7000 гаруй хэсэг ажиллах аж.

Тус улсын Дотоод хэргийн сайд Мухаммед аш-Шаарын ярьснаар “хууль тогтоомжид заасны дагуу сонгуулийг амжилттай явуулахын тулд хууль сахиулах байгууллагууд бүхий л арга хэмжээг авчээ”.

“Сонгогчид Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, санал хураах байранд аюулгүй нэвтэрч саналаа өгөх баталгааг хэв журам сахиулагчид өгнө” гэж тэрбээр хэлсэн байна.

Санал хураах байруудын нөхцөл байдлыг болон иргэдээс ирсэн санал гомдлыг цаг тухайд нь мэдээлж байх шуурхай штабуудыг Сирийн бүх мужид байгуулжээ.

Энэ удаагийн Үндэсний зөвлөлийн сонгуулийг 2012 оны хоёрдугаар сарын 26-нд явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнд баталсан Үндсэн хуулийн дагуу олон намын тогтолцооны үндсэн дээр явуулна. 250 суудалтай Сирийн парламентын гишүүдийг бүх нийтийн шууд бөгөөд нууц санал хураалтаар дөрвөн жилийн хугацаатай сонгох ажээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ