15 хүртэлх сая төгрөгийн буцалтгүй тусламж олгоно

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-10-05 23:10:27
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ “Орон нутгийн бизнес болон Хөдөө аж ахуйн сан”-г байгуулжээ. Тус сангаас орон нутгийн бизнесүүд болон хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл сонгон шалгаруулж 15 хүртэлх сая төгрөгийн буцалтгүй тусламж олгож, бизнес эрхлэгчдээ дэмжихээр болсон байна.
Баянхонгор аймагт бүртгэлтэй бүх төрлийн аж ахуй нэгж болон иргэд уг санд төслөө хүргүүлэх боломжтой. Ажлын байр, илүү сайн бүтээгдэхүүн үйлчилгээ, илүү сайн үнэ санал болгох зэргээр орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах орон нутгийн бизнесүүдийг сонгон шалгаруулж ийнхүү дэмжих аж.
Хэрэгжих боломжит байдал сайтай, Баянхонгор аймагт ажлын байр нэмэгдүүлэх байдал, ногоон болон шинэлэг санаатай эсэх, орон нутгийн үнэ цэнийн сүлжээнд шинэ суваг нэмэх зэрэг шалгуур үзүүлэлтээр төслийг сонгохоо зохион байгуулагчид хэлэв. Эрчимжүүлсэн мал аж ахуй, сав баглаа боодол, хог хаягдлыг дахин боловсруулах төсөл давуу тал болохыг мөн онцолсон.
Сануулахад, Сангийн зохион байгуулалтын баг төслийн саналуудыг хүлээн авч, материал хүлээн авах сүүлийн хугацаа энэ сарын 28 байх юм байна.
Холбоотой мэдээ