Хүүхдийн шүдний эмчилгээний санхүүжилт тасалджээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-10-05 14:02:02

Хэнтий /МОНЦАМЭ/ “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн санхүүжилт долдугаар сараас хойш оролгүй тасалджээ. 

Хэнтий аймагт Соддент, Цацрал, Бор-Өндөр суманд Дентал хаус гэсэн гурван шүдний эмнэлэг уг хөтөлбөрт сонгогджээ. Тус эмнэлгүүд эхний ээлжинд 2-6 насны хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорол, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авах зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм. Нэг хүүхдэд 60,000 мянган төгрөгөөр бодож эмчилгээ үзлэг хийж байна. Шаардлагатай тохиолдолд 12 хүртэлх насны хүүхдүүдэд харьяалал, амжиргааны түвшин үл хамааран үйлчилж байгаа аж.

Хөтөлбөр энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас өнөөдрийн байдлаар дээрх гурван эмнэлгээс ирүүлсэн тоо, тайланг үндэслэн нийт 726 хүүхдийн 43,560,000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Тодруулбал 4-6 дугаар сарын санхүүжилт орсон байна. Харин долдугаар сарын санхүүжилт орохгүй удсаар есөн сарын сүүлчээр 30 хувь нь л орсон гэв. Шүдний эмнэлгүүд эмчилгээ, үйлчилгээгээ огт тасалдуулалгүй, хүндрэл чирэгдэлгүй явуулахад гол анхаарлаа хандуулж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл шүдний эмнэлгүүд багаж хэрэгслийн дутагдалд орохоос гадна хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэх эрсдэлтэй байгаа тухай ярилаа.

Хүүхдүүдийн дунд шүдний цоорол, амны хөндийн өвчлөл сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай байгаа аж. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 2018-2023 он хүртэл таван жилийн хугацаанд хэрэгжих “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эмчилгээ, эрүүлжүүлэх нь” ажлын удирдамж батлагдсанаар улсын хэмжээнд нийт 115, хөдөө орон нутагт 84 эмнэлэг сонгогджээ.


Холбоотой мэдээ