Интернэтийн хурд сайжирлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 21:08:40

Увс аймаг нийслэлтэй адилхан үнээр интернэтийн үйлчилгээ авдаг болоод байна. Монгол Улсын хэмжээнд 285 сум сууринг хамарсан шилэн кабелийн сүлжээ байдаг ч үндсэн сүлжээгээр өгөгдлийг дамжуулах хүчин чадал нь 2.5 Гбит/с байдаг аж.

Энэ нь орон нутгийн хэрэглэгчдэд харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан зарим шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд хүндрэлтэй байжээ. Иймээс орон нутгийн сүлжээнд өргөтгөл хийж, аймаг бүрт 1Гбит/с хурдтай сүлжээний багтаамжийг бий болгож эхэлжээ.

Сүлжээний багтаамж нэмэгдэж, интернэтийн бөөний үйлчилгээний үнэ буурснаар орон нутагт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, чанар дээшилж байгаагаас гадна байршлаас үл хамааран үнэ ижил байх, интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэх өргөн боломж нээгдсэн байна.

Өмнөх хурд буюу орон нутагт хамгийн дээд хурд болох 300kbps хурдтай интернет ашиглаж байгаа тохиолдолд гурван минутын урттай видео бичлэгийг бүрэн уншиж дуусахын тулд 270 секунд зарцуулдаг байсан бол одоо 80 секунд зарцуулах аж.

“Мэдээлэл технологийн Сүлжээ” компаниас интернетийн үйлчилгээ авдаг хувь болон албан хэрэглэгчид энэ сарын 11-ээс үйлчилгээ авч буй компаниудтайгаа гэрээгээ шинэчлэн байгуулах хэрэгтэй юм. Ингэснээр хувь болон албан байгууллагын хэрэглэгч нар урьд нь авдаг байсан үнээрээ 2 дахин хурдан интернетийн багц авах эсвэл хурдаа нэмэхгүйгээр төлбөрөө хоёр дахин хямдруулах боломж нээгдэж байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ