Б.Мягмар: Нэг сувилагчид 256 өвчтөн ногддог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2019-10-02 18:37:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос өнөөдөр МҮЭ-үүдийн Холбооны байранд мэдээлэл хийв.

УИХ-ын чуулганаар 2020 оны улсын төсвийн төслийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан УИХ, Засгийн газарт хандан таван заалт бүхий мэдэгдэл хүргүүлж буйгаа мэдээллээ. Үүнд: 

  • 2018-2019 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэхэд хамрагдаагүй зарим мэргэжил болон үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмэх,
  • Шөнийн цагаар ажиллаж буй эмч, сувилагчдын нэмэлт цагийг 2000 төгрөгөөс доошгүйгээр тооцох,
  • Эмнэлгийн унаа, хоолны хөлсийг нэмэх,
  • Хөдөлмөр хамгаалал, нормын хувцасны зардлыг хоёр дахин нэмэх,
  • Эмч, сувилагч нарыг бэлтгэж буй тогтолцоог шинэчлэн сувилагчийг төрөөс үнэ төлбөргүй бэлтгэх гэсэн таван зүйлийг ирэх оны төсөвт тусган дэмжиж өгөхийг хүсэж байгаагааг илэрхийлсэн юм.

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар "28, 32 цагаар ажиллаж буй сувилагч өдрийн нэг хоолтой, 2-3 хүний ажлыг давхар хийдэг. Энэ нь сувилагч нар ачааллаа даахгүй ядрах, ажлын бүтээмж буурах зэрэг үр дагавартай. Үүнээс болоод эргээд иргэд чанартай тусламж үйлчилгээ авч чадахгүй нөхцөлд хүрээд байна. Тиймээс сувилагчийн хүний нөөцийг сайжруулах хэрэгтэй" гэв.


2018 оны судалгаагаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 902.4 мянган хүн эмнэлэгт хэвтсэн бөгөөд нэг сувилагчид 256 өвчтөн ногддог байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний 70-80 хувийг авч явдаг сувилагч манай улсад дутагдвал эмнэлэг чанартай тусламж үзүүлж чадахаа болино хэмээн Б.Мягмар нэмж хэлсэн юм. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цагийн менежментийг өөрчлөхгүй бол эргээд иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж байв.

Холбоотой мэдээ