Арилжааны банкны найдвартай түнш ахмадууд

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-10-02 17:25:53

Ахмадын өдөр болж өнгөрлөө (10-р сарын 1). Уламжлал төр, хувийн хэвшлийн байгууллагууд энэ өдрийг угтан ахмадуудаа хүлээн авав бололтой.  Үндэсний статисткийн хороо (ҮСХ)-ноос 60-аас дээш насны 223 мянган ахмад байдгийн71 хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн судалгаа гаргажээ. Гэхдээ амьдрал дээр хөнгөлттэй нөхцөл (50,55 настай)-өөр олон хүн тэтгэвэрт гардаг. ҮСХ-ны энэ судалгаанд  60-аас доош насны тэтгэврийнхэн хамрагдаагүй юм байна. Мөн тэд бас л тэтгэврийн зээл авдаг нь үнэн билээ. Тэгэхээр тэтгэврийн зээлийн хүү ямар байх нь өргөн хүрээг хамарсан том асуудал гэж үзэж болно.

Арилжааны банкууд тэтгэврийн зээл хэмээх бүтээгдэхүүн гаргахдаа анх жилийн 18- 24 хүүтэй олгож эхэлсэн юм гэнэ. Зээлийг манайхан эхлээд сайхан зантай авсан. Дараа нь түүндээ идэгдсэн бололтой. Банкны зээлийн хүү, тэр дундаа ямар ч эрсдэлгүй тэтгэврийн  зээлийн хүү өндөр гэж амтай болгон ярьсан. Сүүлдээ ам дамжсан дээрх яриа нийгмийн шинжтэй асуудал болон хувирсан юм. Гэхдээ арилжааны банкууд тэтгэврийн  зээлийн хүүг бууруулах талаар ямар нэг алхам хийгээгүй. Ашгийн төлөөх арилжааны банкууд ийм алхам хийхгүй байх нь тодорхой. Тэднийг шууд буруутгах боломж хэнд ч бас байхгүй.

Тэтгэврийн зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, улмаар бууруулах талаар 2017 оноос эхлэн ХНХЯ, НДЕГ (Нийгмийн даатгалын ерөнхий газар) ажиллаж эхэлсэн юм билээ. Хамтын  ажиллагааны хүрээнд, Хаан банк болон Төрийн банктай хэлцэл хийж тэтгэврийн зээлийн 18 хувийн хүүг зургаан сарын хугацаанд 15 хувь болгон буруулжээ.  Энэ бол анхны гарсан сайн үр дүн. Эдүгээ тэтгэврийн зээлийг дээрх банкууд нэг жил (12 сар)-ийн хугацаатай олгохдоо  10 хувийн хүүтэй олгодог. Төр, арилжааны банкууд (Хаан банк, Төрийн банк)-ын хамтын ажиллагааны хүрээнд 24 сарын хугацаанд тэтгэврийн зээлийг 13 хувийн хүүтэй олгодог болох гэнэ.

Монголбанкнаас өр-орлогын харьцааг 30:70 болгох шийдвэр гаргасан (2018 он).  Энэ шийдэл тэтгэврийн зээлийн хэвшмэл ойлголтыг өөрчилсөн аж. Түүний үр дүнд 400 мянган төгрөгийн тэтгэвэртэй иргэн 70 хувь (280 мянган төгрөг) -ийг зээл төлөхөд, 30 хувь (120 мянган төгрөг)-ийг амьжиргаандаа хэрэглэх болсон билээ. Монголбанкнаас бодлогын хувьд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний нэг нь энэ байв.

Тэтгэврийнхэн (71 хувь)-ийг  өнгөн талаас нь харвал зээлдэгчид юм. Зээлийн хүү төлж байгааг нь харвал арилжааны банкны хөрөнгийг хамгийн тогтвортой өсгөдөг "хөрөнгө оруулагч" гэж ойлгож болно. Энэ ойлголтоор авч үзвэл арилжааны банкууд өнгөрсөн жилүүдэд тогтвортой “хөрөнгө оруулагч" ахмадуудад ямар нэг хөнгөлөлт үзүүлэх талаар  “хүний нүдэнд үзэгдэж, гарт баригдах” зүйл санаачилсангүй. Арилжааны банкууд ийм зүйл хийх үүрэгтэй биш л дээ. Зээлийн хүүгээр тэднийг тогтмол “шулах” нь ямар байдаг юм бол. Энэ талаар холбогдох банкныхан ямар нэг зүйл хэлэх биз.

Урлаг, спортын томоохон арга хэмжээг арилжааны банкууд ивээн тэтгэж харагддаг. Мөнгөн дүн ч том гардаг байх.  Олныг хамарсан  иймэрхүү аливаа нэг арга хэмжээ үрд дүн багатай. Заримдаа хайран мөнгө гэж санагдах үе гардаг. Гэхдээ мөнгө нь хувь хүнээс гараагүй гэдэг үүднээс бүгд чимээгүй өнгөрдөг гэж ойлгож болно. Спорт, урлагийнхандаа өлзийгөө өгдөг, үгүйг мэдэхгүй.

Харин урлаг, спортынхныг арилжааны банкууд ивээн тэтгэхээсээ өмнө тогтмол зээл авдаг. Найдвартай  зээлийн хүү төлөгч ахмадуудад  ямар нэг хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулбал хамрах хүрээ өргөнтэй, олны талархал хүлээсэн сайн үйл болох юм биш үү.  Хэрэв арилжааны банкуудыг ийм сайн үйлсийн аян өрнүүлбэл манай ахмадууд магнайгаа хагартал баярлана даа. Тэгээд ч “аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж монголчууд ярьдаг. Зээлийн хүү тогтвортой төлдөг ахмадуудыг арилжааны банк ( Хаан болон Төрийн банк) баярлуулаасай. Бүр ахмадын өдрөөр баярлуулдаг байгаасай. Энэ жилийн хувьд,  ахмад (10-р сарын1)-ын өдөр өнгөрлөө. Гэхдээ ахмадууд авсан зээлийнхээ хүүг сар бүр  төлнө, жил бүр ахмадын өдөр тохионо. Цаашдаа арилжааны банкууд найдвартай түнш ахмадууд байсаар байх нь тодорхой. Харин арилжааны банкууд ахмадуудын найдвартай түнш (баярлуулагч)  хэзээ болох вэ?

Холбоотой мэдээ