БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн ёслол боллоо

Хилийн чанадаас
khandmaa@montsame.gov.mn
2019-10-02 17:02:56

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн ёслол Бээжин хотын Тяньанмэний талбайд боллоо.

Ёслолыг нээж ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Си Жиньпин үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ өнөөдрийн Хятад улсыг бүтээн байгуулахад амь амьдралаа зориулсан эрэлхэг баатруудаа дурсан санаж, өнгөрсөн 70 жилийн хугацаанд Хятадын ард түмэн хүсэл, сэтгэлээ нэгтгэж, шаргуу тэмцэн, дэлхий дахины анхаарлыг татсан агуу их амжилт гаргасныг онцолсон юм. Цаашид Хятадын онцлогтой социализмын замналыг үргэлжлүүлэн тууштай баримталж Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриаллаа.

Тяньанмэний талбайн хүндэт индэрт БНХАУ-ын нам, төрийн тэргүүнүүд буюу ХКН-ын Улс Төрийн товчооны Байнгын хорооны гишүүд, БХАТИХ, БХУТЗЗ, Төрийн зөвлөлийн удирдлагууд болон өмнө нь БНХАУ-ын даргаар ажиллаж байсан Ху Жинтао, Жян Зэмин зэрэг эрхмүүд заларсан байв.

Үүний дараа 15000 хүн оролцсон цэргийн парад боллоо. Энэхүү парад нь БНХАУ цэрэг армийн өөрчлөлт, шинэчлэлт хийснээс хойших анхны парад гэдгээрээ онцлогтой юм.

Мөн 10 дугаар сарын нэгний орой Тяньанмэний талбайд БНХАУ-ын байгуулагдсаны 70 жилийн ойн хүндэтгэлийн гала тоглолт болох юм.



А.Анхбаяр

Холбоотой мэдээ