Дундговийн Нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс заслын тоног төхөөрөмж суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Otgontuya@montsame.mn
2016-04-11 18:36:37

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хэвлийн хөндийн мэс заслыг дурангаар хийх нөхцөл бүрдлээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Францын “Аксион Монголи” нийгэмлэг 390 гаруй сая төгрөгийн өртөг бүхий дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийг өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт суурилуулан хүлээлгэн өгсөн юм.

Дурангийн мэс заслыг орон нутагт хийдэг болсноор гурав дахь шатлалын эмнэлэгийг зорих урсгал багасч, ард иргэдэд эдийн засгийн хэмнэлттэй, явдал чирэгдэл багатай, мэс заслын дараахь асаргаа сувилгааг гэртээ хийх боломжтой олон давуу тал бий болохоор байна.

Тоног төхөөрөмжийг мэс заслын тасагт хүлээлгэн өгөх үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц. Энхсайхан хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр- 3 төсөл хэрэгжих хугацаанд Дундговь аймгийн Эрүүл мэндийн салбарт 440 гаруй сая төгрөгийн эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн байдаг. Үүнтэй дүйцэхүйц томоохон хөрөнгө оруулалт нэг удаад ийнхүү ирж байгааг олзуурхаж байна” гээд улсын болон орон нутгийн төсвөөр худалдан авч чадахгүй байсан ийм өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг нийлүүлж буй Францын “Аксион Монголи” , Монголын эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын нийгэмлэгт талархал илэрхийллээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмч Х. Жаргал “ 2014 онд анх Монголын эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын нийгэмлэгт хамран ажиллах санал тавьж байсан бол 2015 оны 9 дүгээр сард гэрээнд гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ хамтын ажиллагааны хүрээнд мэс заслын эмч, сувилагчаа Франц улсын Леон хот болон Клиникийн 1 дүгээр эмнэлэгт мэргэшүүлэн сургаад байгаа. Мөн хамтын ажиллагааны томоохон нь энэхүү хөрөнгө оруулалт болж байна” гэсэн юм.

Францын Леон хотын мэс заслын их эмч, “Аксион Монголи” нийгэмлэгийн гишүүн Жак Лагоутт, “Аксион Монголи” нийгэмлэг 2001 онд Франц эмч нарын үүсгэл санаачлагаар байгуулагдсан. 2004 оноос Монголын нүдний эмч нарыг сургаж дадлагажуулах, нүдний эмчилгээний тоног төхөөрөмжийг Монголын эмнэлэгүүдэд суурилуулах чиглэлээр ажиллаж байгаад 2009 оноос дурангийн мэс заслыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Дурангийн мэс заслын чиглэлээр эмч нарыг сургаж мэргэшүүлэн, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулж өгдөг. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг бол дурангийн мэс заслын тоног төхөөрөмж суурилуулсан 4 дэхь эмнэлэг болж байна” гээд цаашид эмч нарын ур чадварыг ахиулахад зөвлөн туслаж ажиллахаа илэрхийлэв.  

                                                                     

  

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Ган Илч” ХХК 20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийг 2010 онд өгч байсан. Цөөн удаа гурав дахь шатлалын эмнэлэгийн эмч нар ирж цөсний чулуу авах мэс заслыг хийсэн бөгөөд дагалдах хэрэгсэл дутмаг, хэт хуучин байснаас эл тоног төхөөрөмжийг цаашид ашиглах боломжгүй болоод байжээ.

Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарт орчин үеийн эмнэлэгийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмж, томоохон хөрөнгө оруулалт ирж байгаа тул энэ өдрийг тус салбарынхан Тэмдэглэлт өдөр боллоо хэмээн онцолж байна.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ