Загастайн давааны 30 км зам удахгүй ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-30 20:52:40

Завхан /МОНЦАМЭ/.Завханы Загастайн давааны 67 километр автозамын асфальтан хучилтыг хийж эхэлжээ. Аймгийн төв Улиастайг Улаанбаатар хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр Загастайн давааны замын ажил долоодугаар сараас эхэлсэн аж.

Тус замын ажил 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 24.5 хувьтай үргэлжилж байна. Энэ жил Улиастайгаас эхлүүлсэн эхний 30 километрийг ашиглалтад оруулах аж. Гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээний дагуу барилга угсралтын ажлыг 2020 оны 10 дугаар сард дуусгаж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ чиглэлийн авто зам нь Монгол орны Тарвагатайн нурууны хүндрэлтэй даваа болох Загастайн давааг дайран өнгөрдөг, хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогддог авто зам юм. 

Учир нь тус даваа нь мөнх цэвдэгтэй, хадархаг, намаг ихтэй огцом хавцалтай зам учраас хөдөлгөөнийг заавал хааж байж уулын тэсэлгээг хийх учраас зэргэлдээ нэмэлт зам гаргах боломжгүй байжээ. Тиймээс Зам тээврийн хөгжлийн сайдын 07 дугаар сарын 02-ны өдрийн 229 дүгээр тушаалаар Загастайн давааг 7 дугаар сарын 13-наас түр хаасан билээ. Тус замыг Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Эксим банкны хооронд 2011 оны зургаадугаар сард байгуулсан гэрээний хүрээн дэх буцалтгүй тусламжийн хэмнэгдсэн хөрөнгөөр барьж байгаа аж. Замын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын СССС компани нь замын хүндрэлтэй хэсэг болох давааны гол зам дээр ажиллах бол үндэсний туслан гүйцэтгэгч компаниуд нь автозамын хоёр захын барилгын ажлын 30 хувийг гүйцэтгэх юм. Загастайн давааны зам барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Арж рөүд”, “Түм арвижих” , “Тэмүүн холдинг” ХХК-иуд ажиллаж байна. 

Холбоотой мэдээ