Перугийн сонгуулийн эхний шатанд Кейко Фухимори ялж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-11 15:22:36

ЛИМА. /TASS/. Перу улсын Ерөнхийлөгч асан Альберто Фухиморигийн охин болох барууны төвийн үзэлт нэр дэвшигч Кейко Фухимори тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялж байгаа боловч санал хуудсын 20.1 хувийг тоолсон байдлаар сонгогчдын 50 хувийн саналыг авч чадаагүй байна. Энэ тухай Перугийн Сонгуулийн хороо мэдээлжээ.

Фухимори сонгогчдын 38.04 хувийн саналыг авсан байна. Саналын тоогоор хоёрдугаарт технократ үзэлт Педро Кучински 24.48 хувийн саналтайгаар явж байгаа бол гуравдугаарт зүүний “Өргөн фронт” намаас нэр дэвшигч Вероника Мендоса 16.22 хувийн саналтайгаар удаалж байна гэж “Telesur” суваг мэдээллээ.

Хэрэв сонгуулийн эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын 50 хувийн саналыг авч чадахгүй бол зургадугаар сарын 5-нд хоёр дахь шатны сонгуулийг явуулахаас аргагүйд хүрнэ. Хоёр дахь шатны сонгуульд эхний шатанд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөнө. Перу улсын шинэ Ерөнхийлөгч энэ оны долдугаар сард албан тушаалдаа орно.

Тус улсын хуулиар бол 18-70 хүртэлх насны иргэд сонгуульд заавал оролцох ёстой учир сонгуулийн ирц маш өндөр хувьтай байсан байна. Сонгогчдын жагсаалтад нийтдээ бараг 23 сая хүний нэр бичигджээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ