“70 жил, 70 зохиолч, 70 өгүүллэг”, “Монголын яруу найргийн түүвэр” номуудыг нээв

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-09-30 14:27:44

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ онд манай улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70-н жилийн ой тохиож буй. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны тэгш ойг тэмдэглэх хүрээнд, 70-н үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар тохиролцсон байдаг.

Энэ хүрээнд, 9 дүгээр сарын 27-ны өдөр МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны байранд “70 жил, 70 зохиолч, 70 өгүүллэг”, “Монголын яруу найргийн түүвэр” номуудыг нээх ёслол болов.

Хоёр орны дипломат харилцааны 70-н жилийн ойд зориулан гаргасан тус номын нээлтэд МУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Д.Цахилгаан, Г.Батсүх, Ц.Сүхбаатар, БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд асан Хуан Жя Куй зэрэг үе үеийн хүндэт элчин сайдууд, БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын зөвлөх Чөн Шаочунь, МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтнууд, МИАТ ТӨХК, УБТЗ ХНН, Эрдэнэт ТӨҮГ, МҮХАҮТ-ын Бээжин хот дахь төлөөлөгчид, Хятадын Зохиолчдын нэгдсэн холбоо, Хятадын Төв Радио телевизийн төлөөлөгчид, Бээжин хот дахь Монгол оюутны холбооны төлөөлөгч зэрэг 100 гаруй хүн оролцлоо.

Энэхүү номыг МУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийн санаачилгаар хоёр орны дипломат харилцааны 70-н жилийн ойд зориулан МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ Хятадын Төв радиотой хамтран гаргасан бөгөөд Хятадын шилдэг 70-н зохиолчийн нэг өгүүллэгийг монгол хэлнээ хөрвүүлжээ.

“Монгол яруу найргийн түүвэр” номд Монгол Улсын үе үеийн яруу найрагчдын түүвэр бүтээлүүд багтсан бөгөөд БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн профессор Дулаан хятад хэлнээ хөрвүүлжээ. 

Номыг нээх үеэр, МУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягаас тус номын нээлтийн талаар болон 70-н жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар тодрууллаа.

-Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70-н жилийн ойг тэмдэглэх хүрээнд, хоёр номын нээлт боллоо. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70-н жилийн ойг өргөн хүрээнд, бүтэн жилийн турш тэмдэглье гэж хоёр тал энэ оны эхэнд тохирсон. Энэ хүрээнд, МУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бид тодорхой 70 ажил зохион байгуулъя гэсэн төлөвлөгөө гаргаж ажилласан. Үүний нэг нь “70 жил, 70 зохиолч, 70 өгүүллэг” хэмээх бүтээл байгаа юм. Хятадын нэрт зохиолчдын 70 өгүүллэгийг монгол хэлнээ орчуулж, Монголын ард түмний хүртээл болгох зорилготой юм. Мөн Монголын яруу найрагчдын бүтээлийг хятад хэлнээ орчуулан Хятадын ард түмэнд өргөн барилаа. Бид энэ хоёр номын нээлтийг зохион байгуулсан. Хятадын ГХЯ, Зохиолчдын хороо зэрэг байгууллага өргөн хүрээнд оролцсонд баяртай байна.

-      70-н жилийн ой тохиож буй энэ жилийн хувьд, талуудын хамтран хийж хэрэгжүүлж буй ажлуудыг багцлан авч үзвэл ямар байна вэ?   

-Далан жилийн ойн ажлууд үргэлжилж байна. Бид 10-р сарын дундуур томоохон ажлууд мөн зохион байгуулна. Энэ жилийн хувьд, хоёр орны харилцаа улам бүр идэвхжиж, шинэ шатанд гарсан үе болж байна хэмээн дүгнэж байна. Тухайлбал, улс төрийн айлчлалууд нэмэгдсэн, эдийн засгийн харилцааны хувьд, Хятадын ЗГ-аас үзүүлж буй тусламж дэмжлэгийг бүрэн ашиглах, тусламж дэмжлэгийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийг эхлүүлэх, дуусгах олон арга хэмжээ зохион байгуулж буйг та бүхэн мэдэж байгаа байх аа. Товчхон хэлэхэд, хоёр орны харилцаанд чухал алхам болсон жил байлаа гэж үзэж байна.

А.Анхбаяр     

Холбоотой мэдээ