Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш Сүхбаатар аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-09-28 14:35:03

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 29-нд Сүхбаатар аймагт ажиллана. 

Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, Монгол Улсын Ерөнхий сайд асан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ой энэ онд тохиож буй. Тэрээр Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын ойн үйл ажиллагаанд оролцож, зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцах юм байна.

9 дүгээр сарын 29-ний өглөө аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж, аймгийн нэгдсэн эмнэлгийн харъяа уламжлалтын эмнэлгийн төвийг нээх, Онгон сумын ЭМТ-д түргэн тусламжийн машин гардуулах, аймгийн Угсаатны зүйн музейд Ц.Жигжиджавын нэрэмжит танхимыг нээх, шинээр бүтээн босгосон гэрэлт хөшөөг нээх, Баруун-Урт сум дахь Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаатай танилцах аж.

Харин үдийн хойно Халзан сум руу хөдөлж, тус сумын ЗДТГ-ын гадна талбайд байрлах Ц.Жигжиджавын хөшөөнд цэцэг өргөж, шинээр барьж буй соёлын төвийн барилгын явцтай танилцана. Мөн энэ өдөр Монгол Улсын аварга малчин Р.Мөнхтөрийн хотонд зочилж, малчны амьдрал ахуйтай танилцаад  шууд Улаанбаатар хот руу хөдлөх аж.

Ц.Жигжиджав нь Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайд бөгөөд Сүхбаатар аймгаас сонгогдсон анхны ерөнхий сайд юм. 

Холбоотой мэдээ