Монголын радиогийнхон Өвөрхангайн сонсогчидтой уулзалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-27 15:51:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний олон нийтийн радиогийн уран бүтээлчид Өвөрхангай аймагт “Сонсогч редакцийн уулзалт”-ыг зохион байгууллаа.

Хөдөө орон нутгийн иргэдэд ямар мэдээ, мэдээлэл хэрэгцээтэй байгааг судалж, радио нэвтрүүлгийн цаашдын бодлогоо тодорхойлох нь тус уулзалтын зорилго байв. Тус үйл ажиллагаанд ирсэн сонсогчдын зүгээс хүүхэд байхдаа радиог хэрхэн сонсдог байсан тухай дурсамжаа хуваалцаж, дуртай нэвтрүүлгүүдийнхээ талаар ярилцаж байлаа. “Гэгээн өглөө сайн байна уу” гээд радиогоор дуулахаас өмнө амжиж сэрэх гэж хичээдэг байсан, радиогоо өвөртлөөд малын бэлчээрт сонсдог байсан, үлгэрийн цагийг алгасаж байгаагүй гэхчлэн олон сайхан дурсамжийг сонсогчид хуваалцаж байсан юм.

Энэ жил Монголын Үндэсний олон нийтийн радиогийн 85 жилийн түүхэн ой тохиож байна. 1934 оны 9 дүгээр сарын 1 буюу 85 жилийн тэртээд Монголын радио анхны програмаа дамжуулж, Монгол Улсад радиогийн өргөн нэвтрүүлэг үүсч, хөгжих эхлэлийг тавьжээ. Ард түмэнд улс эх орон хийгээд дэлхий дахины мэдээллийг үнэн бодитой, тэнцвэртэй, түргэн шуурхай хүргэх, үндэсний өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх нь тус байгууллагын үндсэн үүрэг аж.

Цаашид тоон системд шилжих, техникийн шинэчлэл хийх чухал шаардлагатай байгааг радиогийн уран бүтээлчид ярьж байлаа.

Холбоотой мэдээ