Утаатай тэмцэх ажлыг эрчимжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-27 14:01:40

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хот нь өвлийн улиралд агаарын бохирдлоороо Улаанбаатараас дутахгүй хэмжээнд хүрдэг нь ард иргэдийн бухимдлыг ихээр төрүүлдэг.

2021 онд дулааны станц ашиглалтад орсноор агаарын бохирдол буурна гэж тооцож байгаа ч утаатай тэмцэх ажлыг жил бүр эрчимжүүлэх нь чухал хэмээн үзэж байгаа юм. Тиймээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн А хэсэгт дулаан үйлдвэрлэдэг 13 уурын зууханд 20 ширхэг усан шүүлтүүрийг суурилуулах ажил өрнөж байна.

Шүүлтүүрийн угсралтын ажил үргэлжилж байгаа ба гүйцэтгэгч компаний зүгээс туршилтын галлагааг хийж, дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, инженер, техникийн ажилтнуудад заавар зөвлөгөөг өглөө. Усан шүүлтүүр гэдэг нь уурын зуухны янданд усан мананцрыг үүсгэн, хөө тортог, хүнд металлуудыг шүүж, утааг цагаан өнгөтэй болгох аргыг хэлдэг аж.

Утаатай тэмцэх бас нэгэн ажил нь Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн байгуулж буй сайжруулсан түлшний үйлдвэр юм. Цагт 20-30 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрийг ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ