Ирэх оны төсвийн орлогыг 11.7 их наяд төгрөг байхаар тооцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
2019 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 7,3 хувьд хүрсэн. Зэсээс бусад голлох ашигт малтмалын үнэ тогтвортой байж уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарын орлого өсчээ. Аж ахуй нэгжүүдийн борлуулалт өссөн болон татвар гаалийн шинэчлэл, газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулсны дүнд 2020 онд төвлөрүүлэхээр төлөвлөсөн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давахаар байна хэмээн үзжээ. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 29 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 34,1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон байна.
Засгийн газрын хуралдааны товч мэдээ:
-Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов
-Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд хэлэлцээрт гарын үсэг зурахыг ГХ-ны сайдад зөвшөөрөв
-Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайдад олгов
-”Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрIII”-ыг батлав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламжид хамруулан жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгов.