Төмөр замчны мэргэжлээр 120 гаруй залуу суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-25 12:19:49

Дорноговь/МОНЦАМЭ/. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин наын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дорноговь аймгийн МСҮТ-д төмөр замын чиглэлээр шинээр нээсэн ангид 120 гаруй суралцагч бүртгүүлж хичээлээ эхэлжээ.

Суралцагчид зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин, төмөр замын замчин, вагон үзэгч засварчин, төмөр замын өртөөний жижүүр мэргэжлээр нэг жилийн хугацаатай сурах бөгөөд суралцах хугацаандаа хуулийн дагуу сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг авна.

Хөтөлбөрийн дагуу МСҮТ-ийн багш нар суралцагчдад ерөнхий мэдлэг чадамжийн сургалт орж байгаа бол ирэх долоо хоногоос УБТЗ-ын харьяа Политехник коллежийн багш нар Дорноговьд ирж мэргэжлийн чиглэлийн хичээл заана.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслийн нэг болох Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа бол Сайншандаас зүүн хойд чиглэлд Алтанширээ сум хүртэлх 27 км төмөр замын бүтээн байгуулалт дуусч ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ. 

Дорноговьд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Зүүбаян-Ханги мандлын чиглэлийн төмөр зам ашиглалтад орж  дээрх бүтээн байгуулалтад ажиллах олон арван мэргэжилтэй ажилтны орон тоо шаардлагатай байгаа тул УБТЗ, Дорноговь аймаг хамтран ажиллах гэрээ байгуулаад байна.

Холбоотой мэдээ