Монголын мэргэжлийн боловсролд ЮНЕСКО дүн шинжилгээ хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-09-24 16:47:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын мэргэжлийн боловсролын сургалтын талаарх анхны тойм шинжилгээ  гараад байна.

Манай улсын мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх шинжилгээ, судалгааны тайланг өнөөдөр НҮБ-ын Суурин төлөөлөгчийн байранд танилцууллаа.

ЮНЕСКО болон гадаад, дотоодын мэргэжилтнүүдийг оролцуулан Монгол Улсын боловсролын мастер төлөвлөгөөг боловсруулж буйг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга мэдээлэв. Үүнд НҮБ болон түүний боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО, мөн АХБ техник, хамтын ажиллагаагаар дэмжин тусалж байна.


Энэ дотроо мэргэжлийн боловсролын сургалтын талаар тусад нь нарийвчилсан үнэлгээ бүхий бодлогын тойм шинжилгээ хийлгэх хүсэлтийг ХНХЯ-наас тавьжээ. Энэ дагуу гадаад, дотоодын баг ажиллан газар дээр нь судалгаа хийснээ өнөөдөр НҮБ-ын суурин төлөөлөгчийн байранд танилцуулав. Манай улсын мэргэжлийн боловсролын сургалтын талаар шинжилж дүгнэхийн өмнө суурь мэдээллийн тайланг гаргах шаардлагын дагуу ЮНЕСКО-гийн шинжээч нар манай улсад гурван сарын хугацаанд ажиллажээ.

Тэд Монголын мэргэжлийн боловсролын сургалтын талаарх анхны тойм шинжилгээний эхний тайлан гаргаад байна. Уг тайланг баталгаажуулах талаар өнөөдөр хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэг маргааш “Үр чадварын үнэлгээ, ирээдүйд шаардагдах ур чадварыг таамаглах чадавх хөгжүүлэх нь” сэдэвт сургалтаар үргэлжлэх юм. 



Өнөөдийн хэлэлцүүлэгт ХНХЯ-ны удирдах албан тушаалтнууд, ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн, төрийн бус болон олон улсын байгууллагын 70 орчим төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ХНХЯ, ЮНЕСКО-гийн төв болон Бээжин дэх төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байна.

 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ 

Холбоотой мэдээ