Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн тулгамдаж буй асуудал, санал бодлоо илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-25 20:40:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын ивээл дор зохион байгуулсан “Бид оролцъё-Хамтдаа хөгжье” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөгөөнд 18 сум хоёр тосгоноос 283 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 17 хурлын нарийн бичгийн дарга нийт 300 хүн оролцлоо. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөвлөгөөнөөр төрийн бодлогод өөрсдийн санаа бодол, тулгамдаж буй асуудал, сум орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолойг хүргэж оролцлоо.

Мөн үеэр тус аймгийн Хөдөлмөр халамжийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Халамжийн сангаас төсөл авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үзэсгэлэн худалдаа,  16 нас хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дунд “Миний ертөнц” гар зургийн уралдаан, 17-34 насны залуучуудын дунд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн модуль сургалт”-ыг тус тус зохион байгуулсан юм.

Гар зургийн уралдааны тэргүүн байрт Есөнбулаг сумын 12 жилийн сургуулийн сурагч Б.Лхагважанцан, хоёрдугаар байрт Чандмана сумын сурагч Б. Мөнхжаргал, гуравдугаар байрт Шарга сумын сурагч Т.Санчир нар шалгарлаа. 

Уг  үйл ажиллагааг дэмжиж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвөөс 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж эрүүл мэндийн үзлэг, оношилгоог хийлээ.

Зөвлөгөөнийг Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Улаан загалмайн хороо, “Дэлхийн Зөн” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тус аймгийн зөвлөл хамтран зохион байгууллаа.


Холбоотой мэдээ