Баян-Өлгийн баг тамирчид баруун бүсийн тусгай олимпод тэргүүлжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-23 23:12:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн тамирчид энэ сарын 16-19-ний өдрүүдэд Ховд хотод болсон баруун бүсийн тусгай олимпын наадамд багийн дүнгээр тэргүүлжээ.

Тусгай олимпын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн бие бялдрын хөгжил, чадвар, боломжийг нэмэгдүүлэх, урам, зориг өгөх зорилготой уг спортын наадамд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгаас 120 тамирчин оролцож, ширээний теннис, хөнгөн атлетик, гар бөмбөг, бадминтон, боччегийн төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.

Харин Баян-Өлгий аймгаас 18 тамирчин спортын дөрвөн төрөлд оролцсоноос долоон алт, долоон мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа нэгдүгээр байрт шалгарч “Алтан цом”-ын эзэн болжээ.

Спортын наадамд аймгаа төлөөлөн амжилттай оролцсон тамирчид, тэдний эцэг эхийн төлөөллийг аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэсэн байна.

Холбоотой мэдээ