Монгол Хятадын худалдааны эргэлт 28 жилд 250 дахин нэмэгджээ

ТОЙМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-26 10:20:30
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хуурай газраар 4700 гаруй километрийн зайд хил залган, хаяа нийлэн суугаа Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. 1949 оны аравдугаар сарын 16-нд манай хоёр улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон нь өдгөө иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүртлээ өргөжин тэлжээ. Үүнийг энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн юм.


Монгол-Хятадын хооронд худалдаа хөрөнгө оруулалтыг зохицуулах хүчин төгөлдөр хэрэгжиж буй 100 гаруй гэрээ хэлэлцээр байгаа бөгөөд хоёр орны харилцаа түүхэн дээд шатандаа явж байна гэж хэлж болно. Үүний дотроос 2014 онд шинэчлэн байгуулсан “Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг онцлон тэмдэглэмээр байна. Уг хөтөлбөрийг 2014-2020 онд хэрэгжүүлж найрсаг, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан нь биеллээ олоход ойрхон байгаа юм.


Хятад улс манай гадаад худалдааны хамгийн том түнш гэдэгтэй маргах хүн үгүй. 1990 онд хоёр улсын худалдааны хэмжээ дөнгөж 33,6 сая ам.доллар байсан бол 2018 онд 8.4 тэрбум ам.долларт хүрч, худалдааны эргэлт 28 жилийн хугацаанд 250 дахин нэмэгдсэн байдаг. Манай хоёр орны худалдаа эдийн засгийн боломж зорьж буй 10 тэрбум ам.доллараар хязгаарлагдахгүй гэдгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ есдүгээр сард БНХАУ-ын ӨМӨЗО-д болсон гурав дахь удаагийн “Монгол-Хятадын экспо”-ийн үер онцолсон юм. Монгол Улс БНХАУ-тай хийх худалдааны бүтцээ сайжруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, тэр дундаа уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, эдийн засгаа солонгоруулахыг зорьж байна.

Монгол Улсын нийт экспортын 96 хувийг, импортын 41 хувийг Хятад улс дангаараа эзэлж байна. Манай улс түүхий нефть, төмрийн хүдэр, зэс болон цайрын баяжмал зэрэг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспортын 90 орчим хувийг, үхэр, адууны шир, бог малын арьс болон ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д, тус тус экспортлож дээрх нэрийн бараа нь манай нийт экспортын 93 хувийг эзэлж байна. Тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь өндөр байгаа нь эдийн засгийг нэг салбараас хэт хараат болгож байгаа юм. 


Монгол Улсын Засгийн газраас Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбарыг хөгжлийн тулгуур салбар хэмээн тодорхойлж, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд адууны мах болон дулааны аргаар боловсруулсан ямааны махны экспорт нэмэгдэж, энэ чиглэлээр ажилладаг монгол, хятадын хамтарсан үйлдвэрүүдийн тоо ч өсч байна. Хамтарсан үйлдвэр байгуулах нь экспортын бүтээгдэхүүн, түүний нэр төрлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ технологи, боловсон хүчнийг нутагшуулахад онцгой ач холбогдолтой юм. 

“Монгол-Хятадын экспо” хоёр орны бизнес эрхлэгчдийн оролцохоор хүлээдэг томоохон арга хэмжээ болохын зэрэгцээ дээд хэмжээний ажил хэргийн яриа хэлэлцээ өрнөдөг чухал талбар болсоныг энэ жилийн экспо нотлосон. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанцав, Хөх хот, Тунляо хотноо болсон гурав дахь удаагийн экспод манай 400 гаруй ААН оролцож, гурван тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн урьдчилсан мэдээ байгаа юм. 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-оос Монгол Улстай хийсэн худалдааны хэмжээ 4.9 тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол, Хятадын нийт худалдааны 62 хувийг эзэлж байна. Үүнээс харахад худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхэд ӨМӨЗО-ы оролцоо багагүй хувийг эзлэх нь ойлгомжтой.



БНХАУ нь Монгол Улсын тэргүүлэгч хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд 1990-2017 оныг хүртэл 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.Үүнийг Дэлхийн банк “250 мянган ам.долларын цалинтай 170.000 ажлын байр шинээр бий болгожээ” хэмээн зүйрлэсэн байдаг. Өнөөдөр Монгол Улсад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 10.000 гаруй ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Хятадын Монгол Улсад хийж буй хөрөнгө оруулалтын голлох салбарыг авч үзвэл уул уурхай, худалдаа, барилга, боловсруулах үйлдвэр зэрэг багтана. Дэлхийн банкны 2018 онд хийсэн судалгаагаар манай улсын аялал жуулчлал, цахим худалдаа, хөдөө аж ахуйн салбар гадаадын шууд хөрөнгө оруулалт татах таатай орчин болохыг онцолсон байдаг. Харин Монгол Улсаас БНХАУ-д үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүүгийн салбарт голлон хөрөнгө оруулалт хийж байна.  

Холбоотой мэдээ