Саальчин бүсгүйчүүдийн хөдөлмөр бүтээлийн уралдаан, саальчдын баяр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-19 11:20:35

Архангай /МОНЦАМЭ/. Саальчин бүсгүйчүүдийн сүү цагаан идээ боловсруулах уламжлалт арга барилыг өвлүүлэн үлдээх, тэдний хөдөлмөр бүтээлийг үнэлэх, алдаршуулах, олон нийтэд сурталчлах, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх, малчин залуусын нийгмийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор Батцэнгэл сумын Засаг даргын нэрэмжит “Саальчин бүсгүйчүүдийн хөдөлмөр бүтээлийн уралдаан, саальчдын баяр хоёрдугаар уралдааныг 09 дүгээр сарын 17-ны өдөр сумандаа зохион байгуулжээ

Тус уралдаанд жилийн дөрвөн улирлын турш хөдөө мал маллан амьдардаг 300 орчим залуу малчид “Шилдэг саальчин”, “Хамгийн сүүтэй монгол үнээ”, “Хамгийн сүүтэй гүү”, “Хамгийн сэтгэлд нийцтэй айраг”, “Хамгийн сайхан ааруул”, "Ээдэм унагаах", “Хамгийн амтлаг ээзгий” шалгаруулах уралдаан, Үндэсний сурын харваа, "Хос морьтон" шалгаруулах уралдаан, Цолгүй залуу бөхчүүдийн тойргийн барилдаан, саальчдын сэдэвтэй мэндчилгээ, гоцлол дуу, шүлэг яруу найраг зэрэг нийт 20 орчим төрлөөр авьяас билэг, ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдсөн байна.


Нийлбэр дүнгээр тэргүүн байрт Д.Төгс даргатай "Дэл" баг, дэд байрт Ж.Мэндбат даргатай "Хөнөг" баг, гутгаар байрт С.Нэргүй даргатай "Улаанчулуу" баг тус тус шалгарч цом мөнгөн шагналын эзэд болсон бол удаах байруудыг Х.Даваадорж даргатай "Цац" баг, Х.Амарсайхан даргатай "Дайр бор" баг, Б.Бямбадорж даргатай "Баян-Уул" баг тус тус эзэлсэн байна. 

Холбоотой мэдээ