Хууль боловсруулахын өмнө хэрэгцээ, шаардлагыг тандан судлахыг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-08 15:48:11

Хуулийн төсөл боловсруулахын өмнө тухайн хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, Хууль зүйн яам болон УИХ-ын Тамгын газраар хууль тогтоомжийн төсөлд эрх зүйн дүгнэлт хийлгэх зэрэг хэд хэдэн шинэ зохицуулалт орсон гэдгийг “Хууль зүйн нэр томьёоны судалгаа, хэрэглээ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж онцлов. 

МУИС-ийн Хууль зүйн сургуулиас санаачлан УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нарын хийсэн судалгаагаар 2008-2015 онд нийт 112 хууль шинээр болон шинэчилсэн найруулгаар баталжээ. Давхардсан тоогоор нийт 481 шинэ хууль зүйн нэр томьёо хуульчлагдсанаас 450 монгол, 31 гадаад нэр томьёогоор хуульлчлагдсан байна. 

Тус хуралд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор, доктор Ж.Эрдэнэбулган, тус сургуулийн зөвлөх профессор, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн зөвлөх, Академич С.Нарангэрэл, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Академич Л.Болд, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж болон хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, багш нар оролцлоо.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ