Биокомбинатыг шинэчлэхэд 57 сая ам.доллар зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-09-12 15:12:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.09.12/ хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол, Унгарын Засгийн газрын хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.


2016 оны 01 дүгээр сарын 25-нд байгуулсан уг хэлэлцээрт Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газар (УТҮГ)-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллар байхаар заасныг 57 сая ам.доллар болгохоор нэмэлт, өөрчлөлтийн төсөл болосвруулжээ. Төсвийг өсгөхөд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Биокомбинат" УТҮГ-ыг өргөтгөх төслийн саналыг 2009 онд анх боловсруулж, 25 сая ам.доллароор төсөвлөсөн. Үүнээс хойш Монгол Улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд огцом өсөж, 66.4 сая толгойд хүрсэн. Эдийн засгийн хөгжил эрчимжиж, бүтцийн ихээхэн өөрчлөлт орлоо. Тиймээс “Биокомбинат” УТҮГ-т олон улсын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн шинэ үйлдвэрийн барилга, лаборатори байгуулахаар шийдвэрлэсэн. Монгол Улс өнгөрсөн гурван жилд шүлхий, мялзан, цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин авахад 7.5 сая ам.доллар зарцуулсан байна. Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр барьснаар жилд дунджаар шүлхийн 10 сая тун, мялзангийн 10-15 сая тун, цэцэг өвчний 20 сая тун цэцэг вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм" гэлээ.


Төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлогч улс болон хөгжихөд “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газарт шинэчлэл хийх нь чухал гэдгийг онцолсон юм. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва төслийн хүрээнд вакциныг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ бүрэн хангах, улмаар экспортлох бодлого баримтлах шаардлагатай хэмээв. Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.


Мөн хуралдаанаар Монгол, Австри улсын Засгийн газрын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулснаар Монгол, Австри улс 2011, 2016 онд тус бүр 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, амжилттай хэрэгжүүлжээ. Тиймээс дахин 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Австри улсын техник, технологийг Монголд нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд ашиглах зээл хүүгүй бөгөөд хугацаа нь 16-26,5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 5-12 жил байх аж. Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж, ариун цэвэр, бохир ус, хог хаягдал, төмөр зам болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуйн салбарын дэд бүтцийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Ерөнхий хэлэлцээрийг байгуулсны дараа зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Австрийн Засгийн газарт хүргүүлэх юм байна.


Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хэлэлцээрийн төслийг дэмжсэн бөгөөд санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ