“Apple” шинэ загварын бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-11 11:55:30
Yesukheitumur Tumurbaatar

НЬЮ-ЙОРК. /CNN/. “Apple” компани энгийн “iPhone 11” болон илүү хурдан процессортой, шинэ камерын системтэй “iPhone 11 Pro”, “iPhone 11 Pro Max” загварын ухаалаг утаснуудаа танилцууллаа.


Ардаа гурван хос камертай “iPhone 11 Pro” загварын ухаалаг утасны дэлгэц 5.8 инч байх бол “iPhone 11 Pro Max” загвар нь 6.5 инчийн дэлгэцтэй ажээ. Багтаамжийн хувьд "64GB", "256GB", "512GB" сонголттойгоос гадна "iPhone 11 Pro" болон "iPhone Pro Max" загвар өмнөх загваруудаас 4-5 цаг илүү цэнэгээ барих боломжтой болсон байна. “iPhone Pro” загварын гар утаснууд зах зээлд 999-1099 ам.долларын үнэтэйгээр энэ сарын 20-оос эхлэн худалдаалагдана. Харин ардаа хоёр хос камертай, зургаан өнгөний сонголттой “iPhone 11” гар утас зах зээлд 699 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах аж. 


Ухаалаг гар утсанд шинэчилсэн хэт өргөн дуран, шөнийн болон хөрөг зураг авах горимуудыг шингээж өгсөн бол “iPhone 11 Pro” загварын гар утсанд хиймэл оюун ухааны тусламжтайгаар есөн зургийг хооронд нь нийлүүлж өндөр нягтаршилтай зураг боловсруулах “Deep Fusion” технологийг нэмж өгснөөрөө онцлогтой болсон байна.


Үүний зэрэгцээ “Apple” компани шинэчлэгдсэн “iPad”, “Apple Watch”-ийг танилцуулжээ. Мөн 11 дүгээр сарын 1-нээс дэлхийн 100 гаруй оронд нэвтрэх стриминг үйлчилгээний “Apple TV+”-ийг танилцуулсан байна. Энэхүү үйлчилгээний сарын хураамж 4.99 ам.доллар байх аж. 


Олон улсын худалдааны “Susquehanna” компанийн мэдээлснээр, энэ оны эцэс гэхэд 70 сая ширхэг “iPhone” ухаалаг гар утас худалдаалагдах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 2014 оныхоос 30 хувиар буурсан үзүүлэлт аж. Гэхдээ “Apple” компани хямд үнэтэй “iPhone” болон “5G” сүлжээ дэмжигчтэй ухаалаг гар утас нэвтрүүлж эхэлбэл 2020 оны борлуулалтын төлөв эерэг гарах боломжтой гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.

Холбоотой мэдээ