Москва хот дахь монголчуудын дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-09-11 08:48:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Москва хотын баруун урд дүүрэгт байрлах ЗХУ-ын Дотоод хэргийн комисариатын нууц обьект байсан “Коммунарка” хэмээх газар хилс хэргээр буудуулан хороогдсон монголчуудын дурсгалыг хүндэтгэн босгосон цогцолбор хөшөөнд ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Галсандондог, ЭСЯ-ны ажилтнууд, Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын Москва хот дахь төлөөлөгчдийн газрын ажилтнууд, оюутан сурагчид, монгол иргэд цэцэг өргөж, гүн хүндэтгэл илэрхийлэв.


Энэхүү газар 1920 оны сүүлчээс ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комисариатын газрын дарга Г.Г.Ягодагийн хувийн зуслан нь байжээ. Энд 1937 оны 9-р сарын 2-ноос 1941 оны 10-р сарын 16-ны хооронд хилс хэргээр буудуулан хороогдсон хүмүүсийг бөөнөөр нь булшилсан байна.

“Коммунарка”-д 1938 оны 10 дугаар сарын дунд хүртэл хэлмэгдэгсдийг бөөнөөр нь буудан хороож байжээ. Дэлхийн II дайн эхэлсний дараа буюу 1941 оны 7-р сарын 27-30-нд 513 хүнийг буудан хороосон байна. Москвагийнхны хувьд хамгийн эмгэнэлтэй өдөр 1941 оны 10-р сарын 16-нд 220 хүнийг буудан хороож байжээ” гэж тус газрын хашаан доторх самбарт бичсэн байдаг.

Эндэхийн хөрсөн дор нийт 60 гаруй үндэстэн ястан түүний дотор 400 гаруй монгол хүн нойрсож байдаг аж.


Холбоотой мэдээ