Хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-10 17:20:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын түүхэнд хар толбо тамгалж үлдээсэн 1937 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг монголчууд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” хэмээн нэрлэж, жил бүр тэмдэглэн эцэг, өвгөдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэж ирсэн уламжлалтай.

Өнөөдөр 24 дэх жилдээ тохиож буй тус өдрөөр Өвөрхангай аймгийн болоод Арвайхээр сумын ИТХ-ын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөө”-д цэцэг өргөж, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүллээ.

Өвөрхангай аймгаас 1500 орчим хүн их хэлмэгдүүлэлтэд өртсөн бөгөөд 2018 оны байдлаар 524 хүнд 530 сая төгрөгийн нөхөн олговор, 1 иргэн нэг өрөө байр, 1 иргэнд орон байрны нөхцөлөө сайжруулахад нь зориулж мөнгөн олговор олгоод байна.  “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийг 1998 онд баталснаас хойш улсын хэмжээнд 31229 иргэн цагаатгагдаж, 18 мянга орчим иргэн холбогдох хуулийн заалтын дагуу 16.3 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг авчээ.

 

Холбоотой мэдээ