Өлгий хотод Казахстаны уран зохиол, соёлын төв нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-10 15:22:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит Төв номын санд Бүгд Найрамдах Казахстан Улсын уран зохиол, соёлын төвийг нээлээ.

Энэ сарын 9-10-ны өдрүүдэд тохиож буй аймгийн Төв номын сангийн 70 жилийн ойн баярыг тохиолдуулан энэхүү төвийг нээсэн бөгөөд нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал, Казахстан Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны консул Ш.Жуматаева, Казахстаны үндэсний академик номын сангийн төлөөлөгч Ж.Жархынбек, "Отандастар" сангийн Соёл-хүмүүнлэгийн төслүүдийн хэлтсийн дарга Т.Талапбек, www.adebiportal.kz сайтын ерөнхий редактор Б.Асылбек тэргүүтэй албаны хүмүүс болон орон нутгийн зохиолч, яруу найрагчид, иргэд оролцлоо.

Казахстаны уран зохиол, соёлын төвийг нээж байгаатай холбогдуулан тус улсын Cоёл, спортын яам болон манай улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгээр 1000 ширхэг уран зохиол, түүх, танин мэдэхүйн ном хандавласныг нээлтийн ажиллагааны үеэр хүлээлгэж өглөө. Харин номын сангийн зүгээс төвийн үйл ажиллагаа явуулахад нь зориулж нэг танхимыг тохижуулан бэлтгэсэн байна.

Тус төв нь цаашид казахын ард түмний өв соёл, уран зохиолыг сурталчлах, хөгжүүлэх, хүүхэд залуучуудад боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах ажээ. 

Холбоотой мэдээ