"Ялалт" музейн захирал Л.Мягмарсүрэнд МУСГЗ цол хүртээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн Халх гол сумын "Ялалт" музейн захирал Лхамжаагийн Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээсэн байна.
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Халхын голын байлдааны түүхэн ач холбогдол, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн бахархан дуурсагдсан баатарлаг дайчдыг алдаршуулах, залуу хойч үедээ эх оронч хүмүүжил олгох үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү шагнажээ.
Л.Мягмарсүрэн олон жилийн турш Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаж амьдран, "Ялалт" музейн сан хөмрөгийг баяжуулах, Халх голын түүхэн ялалтыг хойч үедээ сурталчлан таниулах, орон нутгийн музейгээ олон улсын түвшинд хүргэхийн төлөө идэвх санаачлагатай ажиллажээ.