Хүүхдийн спортын наадамд орох баг тамирчдаа үдэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-09-06 16:38:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын VI их наадамд тус аймгаас спортын 16 төрөлд 101 тамирчин, 16 багш дасгалжуулагч, албаны хоёр хүн гээд нийт 120 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Баг тамирчдыг аймаг болон холбогдох газрын дарга, удирдлагууд үдэн гаргалаа.

Тавдугаар наадамд Сүхбаатар аймгаас спортын таван төрлөөр 30 гаруй тамирчин оролцож, зохион байгуулалттай багаар шалгарч байсан. Энэ удаад баг бүрэлдэхүүн болоод өрсөлдөх спортын төрлүүд ч нэмэгдсэн. Багш дасгалжуулагчид маань бэлтгэл сургуулилтыг өөрсдийн хэмжээнд хангасан, бид бүхий л талаар дэмжин тусалж байна. Манай баг тамирчдын хувьд энэ наадамд пара спортын төрөлд оролцож байгаагаараа онцлог. Пара жудо, пара хөнгөнатлетик, хонхот бөмбөг гэсэн гурван төрөлд 10 тамирчин оролцоно. Бид баг тамирчиддаа их найдвар тавьж байгаа гэж аймгийн БТСГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Идэрмөнх хэллээ.


Аймгийн засаг дарга, ЗДТГ-ын зүгээс баг тамирчиддаа 20 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Аймаг орон нутгийн зүгээс амжилттай яваа тамирчдаа бодлогоор дэмжиж ирсэн. Цаашид ч дэмжих болно. Мөн хүүхэд багачууд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бие бялдрыг жигд хөгжүүлэхийн тулд спортын бэлтгэл хийх орчин нөхцөлийг сайжруулахын тулд ирэх 10 дугаар сард усан бассейны үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр Сүхбаатар аймагт спортын бусад төрөл ч мөн хөгжих боломж бүрдэнэ гэдгийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Мөнхзаяа онцоллоо.

Удирдлагууд Монголын хүүхдийн спортын VI их наадамд аймаг орон нутгаа төлөөлөн оролцох багийн ахлагч Ц.Ганбатад аймгийн тугийг хүлээлгэж өгч, баг тамирчдад амжилт хүслээ.

 

Холбоотой мэдээ