Гал түймэртэй тэмцэх байгууллагын 47 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-09-06 14:12:44

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1972 оны 09 дүгээр сарын 06-ны энэ өдөр Сүхбаатар аймагт гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч байжээ. 20-оод гал сөнөөгч, гурван автомашин, нэг гэртэйгээр анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан гал команд өдгөө аймгийн ОБГ-ын гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги нэртэйгээр өргөжин тэлж, 47 жилийн ойтойгоо золгож байна. 

Ойн өдрийн хүрээнд аймгийн ОБГ-ын бие бүрэлдэхүүн хүндэтгэлийн жагсаал хийж, гал түймрийн аюулаас улсын хөрөнгө, эрдэнэт хүний амь насыг аварсан жирийн гал сөнөөгчдийн ажил үйсийг мөнхжүүлэх зорилгоор 2003 онд босгосон хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Нийгмийн хөгжил дэвшлээ дагаад гал түймэртэй тэмцэх байгууллагын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хүний нөөц ч нэмэгдсэн. Одоогоор манайх 100 гаруй алба хаагчтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Зөвхөн Сүхбаатар аймагт зориулсан гал унтраах байгууллага биш бүс нутгийн түвшинд, цаашлаад олон улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвартай аврагч, гал сөнөөгчдийг бид бэлтгэхийг зорин ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд гал түймрийн тоо, үүнээс үүдэн гарах хохирол ихэссэн, шатах материалын бүтэц ч өөр өөр болсон. Тиймээс ийм гал түймэр гарсан үед гал сөнөөгчид хэрхэн ажиллах вэ гэдэг дадлага, онолын сургалтыг тогтмол төлөвлөгөөт хуваарийн дагуу маш сайн явуулах ёстой. Аврагч гал сөнөөгч гэдэг бол өндөр мэдлэг боловсролтой, биеийн хөгжил сайн, зэвсэг техникээ бүрэн эзэмшсэн, чадварлаг нэгэн байх ёстой. Үүнтэй холбоотойгоор бид шинэ хичээлийн жилд маш их ач холбогдол өгч ажиллаж байна гэж аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т.Энхбаатар ярилаа.


Гал түймэртэй тэмцэх байгууллага анх үүсэхэд байсан 20-оод алба хаагчаас өдгөө гурав нь амьд сэрүүн байна. Тэд өөрсдийн дараа дараагийн үеийн ахмад ажилчдын хамтаар 47 жилийнхээ ойд оролцлоо.

Ахмад гал сөнөөгч Ж.Энхбаатар хэлэхдээ, Миний хувьд Сүхбаатар аймгийн анхны гал сөнөөгчдийн нэг. 20 гаруй жил ажиллаад гавъяаныхаа амралтад гарсан. Тухайн үед одоог бодвол техник хэрэгсэл муу, хүн хүч ч цөөн байлаа. Гал унтраах хоёр машин, нэг усны машинтай байсан. Гэхдээ бид өргөсөн тангарагтаа үнэнч байж, Баруун-Урт сумынхаа хэмжээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг унтраах ажлаа тасралтгүй хийж ирсэн. Бид тухайн үед хэд хэдэн томоохон гал түймрийг унтраасан байдаг юм. Сургуулийн дээврийн түймэр, эрчим хүчний салбарт гарсан объектын томоохон түймэр, гэр хороололд гарсан ноцтой гал түймрийг унтраах ажилд гар, сэтгэл нийлэн ажиллаж, амжилттай даван гарч байлаа. Бидний залгамж халааг мэргэжлийн залуу боловсон хүчнүүд үргэлжлүүлж, үүрэгт ажлаа сайн биелүүлж байгаад ахмадуудын хувьд үнэхээр баяртай байдаг гэв.

Баярын үеэр үүрэгт ажилдаа өндөр амжилт гаргасан дөрвөн алба хаагчийг шагнан урамшуулж, ахмад гал сөнөөгчиддөө хүндэтгэл үзүүлж, мөн аймгийн ОБГ-ын музейтэй алба хаагчдыг танилцуулсан юм.

өдгөө Сүхбаатар аймгийн ОБГ нь таван нэгжтэйгээр болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулан  хуулийн хүрээнд ажиллаж байна. 

Холбоотой мэдээ