Энэ сард Токиогийн олимпын өмнөх том сорилт үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-05 15:29:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний шигшээ баг тамирчдын “Токио-2020” Зуны XXXII олимпын наадмын эрх авахад онцгой нөлөөлөх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд жүдо бөхийн ДАШТ-ээр наймдугаар сард эхэлсэн билээ.

Энэ сард сонирхогчдын бокс, чөлөөт бөх, хүндийн өргөлтийн ДАШТ-үүд ар араасаа шил шилээ даран болно.

Манай жүдочдын хувьд, энэ удаагийн Токиогийн ДАШТ-ээс ганцхан хүрэл медаль хүртэж амжилт тааруухан тэмцээнээ дуусгасан. Ийнхүү манай жүдочдод хатуухан дүн тавьсан Токио хотод манай баг тамирчид жилийн дараа дахин өрсөлдөнө. “Токио-2019”-д гаргасан алдаандаа дүгнэлт хийж даагаа нэхэх том хариуцлага “Токио-2020” олимпын дэвжээнд хүч үзэх манай жүдочдод оногдлоо.


Дэлхийд танигдсан монгол жүдочдын хүч дундрах болоогүй л байлтай. Бэлтгэл сургуулилтаа чамбайруулж, ачааллаа нэмэгдүүлж, арга тактикаа эргэн харж дүн шинжилгээ хийх, хатуухан хариуцлага тооцож, жин тус бүрийн хурд, хүчийг зохих чансаа, түвшинд нь хүргэх эрхэм үүрэг жүдо бөхийн шигшээ багт ус, агаар мэт үгүйлэгдэж байна. Мөн сэтгэл зүйн бэлтгэл, сэтгэлийн хат хамгаас чухал гэдгийг манай олимпын аварга Н.Түвшинбаяр яруу тод харуулж, үлгэрлэж ирсэн билээ. Энэ удаагийн ДАШТ-д хүч үзэхдээ ч тэр тамирчин хүн, жүдоч хүн ямар байх ёстойг залууст харуулж чадсан юм. Тиймээ, дэлхийн дэвжээ ямар хатуу гэдгийг “Токио-2019” монголын жүдочдод төдийгүй монголчуудад харуулсан. Манай топ хэмээгддэг чөлөөт бөх, боксынхон ч энэ тэмцээнээс нэгийг бодож, хоёрыг тунгаасан болов уу?


Энэ сард үргэлжлээд бокс, чөлөөт бөх, хүндийг өргөлтийн шигшээ багууд дэлхийн дэвжээнд өрсөлдөнө. Тиймээ, манай спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг, итгэл найдвар хүлээлгэдэг спортуудын дэлхийн аваргын төлөө өрсөлдөх тэмцээнүүд энэ өдрүүдэд болно.


Тухайлбал, өнөөдөр дэлхийн тэргүүлэх спорт хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг Монголын хөлбөмбөгийн шигшээ баг эх орондоо хийнэ. Мьянмарын шигшээ багтай өнөөдөр өөрийн талбай дээр тоглох бол есдүгээр сарын 10-нд Тажикистаны шигшээтэй тоглоно. Монголын хөлбөмбөгийн хорхойтнууд энэ удаа "элэг нэгт" эх орныхоо "Талын хөх чоно" шигшээ багаа хамтдаа дэмжинэ.


ОХУ-ын Екатеринбург хотноо 3 хоногийн дараа буюу есдүгээр сарын 8-21-нд сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-д манай шилдэг 7 боксчин хүч, ур чадвараа сорино. Энэхүү тэмцээнд 87 орны 450 гаруй шилдэг боксчин оролцох бөгөөд тус тэмцээнээс Токиогийн олимпын эрх олгохгүй. Харин энэ ДАШТ-ээс манай боксчид медаль хүртэх найдвар байгаа.


Боксын ДАШТ ид дундаа орж байх үеэр есдүгээр сарын 14-22-нд чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ Казахстаны Нур-Султан хотноо болох юм. Манай чөлөөт бөхийн тамирчдын хувьд, “Токио-2020” олимпын наадмын эрх авах тун хариуцлагатай тэмцээн юм. Монголын чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй багаас хэд нь медаль хүртэж, олимпын эрх өвөртлөх бол гэдэг том хүлээлт байгаа.


Монголын хүндийн өргөлтийн баг тамирчдын хувьд, бас л хариуцлагатай тэмцээн хүлээж байна. Энэ бол Тайландын Паттая хотноо есдүгээр сарын 18-27-нд болох 2019 оны ДАШТ юм.

Олимпын наадмын өмнөх жил шигшээ багийн тамирчин бүр бэлтгэл сургуулилт нь ид чамбайрч, хурд, бяр хүч, сэтгэл зүйгээ бэлдсэн байх учиртай, бас үүрэгтэй. Монголчууд ч баг тамирчдаасаа амжилт, ялалтыг хүлээж байгаа. Ялангуяа, энэ сард дэлхийн дэвжээнд хүчээ сорих баг тамирчдаас манай спорт сонирхогчид цөөнгүй алт, мөнгө, хүрэл медальтай ирнэ гэдэгт итгэж буй нь лавтай.


Амжилт, ур чадвар нь өдөр хоногоор өсөн дэвжиж байгаа хөлбөмбөгийн шигшээ баг, олимп, дэлхийн олон арван медальтныг төрүүлсэн бокс, чөлөөт бөх, хүндийг өргөлтийн баг тамирчдынхаа дээлийн захыг мушгиж суух олон хөгжөөн дэмжигчид сэтгэл догдлуулсан өдрүүдийг тэсэн ядан хүлээж байна.

Холбоотой мэдээ