Монголын хамгийн өндөр хүний дурсгалд зориулсан спортын талбай байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-05 22:05:59

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын удирдлагууд санаачлан нутгийнхаа нэгэн содон алдартай тамирчныг мөнхжүүлэх зорилгоор түүний нэрэмжит спортын талбайг сумандаа байгуулсан байна.

Энэхүү иж бүрэн, нэрэмжит, спортын талбай нь Монгол Улсын хамгийн өндөр хүн, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Спортын мастер, Монголын сагсан бөмбөгийн лигийн хоёр удаагийн аварга Д.Рагчаа агсанд зориулжээ.

Монголын хамгийн өндөр хүн гэгддэг Д.Рагчаа нь спортын нэрт тамирчин байсан бөгөөд 2004 оноос Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-т “Баянзүрх буллз” багт тоглож байв. Тэрээр 2004-2005 оны сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн аваргын алтан медаль, улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, “Их Монголын алтан од” өргөмжлөл тус тус хүртэж байжээ. Түүнчлэн 2006 онд АНУ-ын Чикаго хотод болсон “Дэлхийн хамгийн өндөр хүн” шалгаруулах тэмцээнд оролцож, тэргүүн байрт шалгарч, Монгол орныхоо нэрийг гаргаж байжээ. Түүний биеийн өндөр 2 метр 45 см юм. 


Холбоотой мэдээ