Монгол, Тайванийн эрүү нүүрний эмгэг судлалын хамтын ажиллагааны хүрээнд 200 хүүхдийг эмчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-09-04 15:38:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭХЭМҮТ, Тайванийн Чангэнг мемориал эмнэлэг болон Ноордхоффын сангийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын уруул тагнайн эмгэгтэй 24 хүүхдэд 8 дугаар сарын 28-30-нд үнэ төлбөргүй мэс засал хийлээ.  


Энэхүү хамтарсан төслийг анх 2010 онд хэрэгжүүлснээс хойш өдгөө 10 дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд нийт 200 гаруй хүүхэд багачуудад инээмсэглэл бэлэглэжээ.

ЭХЭМҮТ-ийн эмчилгээний багийн тэргүүлэх эмч Г.Аянга хэлэхдээ, “Энэ жилийн хамтарсан мэс заслын явцад шинэ технологид сургасан Тайванийн баг олон жилийн туршлагаасаа хуваалцаж, Монгол Улсын уруул тагнайн эмгэгийн мэс засал болон өвчтөний асаргаа сувилгааны чадамжид ахиц гарахад дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлье” гэсэн юм.

Тайванийн Лин коу Чангэнг мемориал эмнэлгийн мэс заслын хэлтсийн эрхлэгч Луо Лунжоу, "Уруул тагнайн эмгэгийн эмчилгээ нь хавсарсан олон мэс засал буюу хүүхэд өсөж томрох явцтай уялдуулан уруулын сэтэрхийг засах, тагнайн цоорхойг нөхөх, буйлны гажиг засах зэрэг ажилбарыг үе шаттай хийдэг. Иймээс эдгээр эмчилгээний үе шат бүрийг мөрдөж эмчлүүлэх нь нэн чухал байдаг. Монголын ЭХЭМҮТ-ийн эмчилгээний багийн анхаарал, халамжийн үр дүнд хойтон биднийг  ирэхэд эдгээр хүүхэд өөртөө итгэлтэй, инээмсэглэл дүүрэн угтана гэдэгт итгэлтэй байна” гэв .

Холбоотой мэдээ