Европын Холбоо рохинжа дүрвэгсдэд тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-04 10:01:02
Yesukheitumur Tumurbaatar

БРЮССЕЛЬ. /Anadolu/. Мьянмарын хүчирхийлэл, хавчлагад өртсөн рохинжа үндэстнүүдэд 9.8 сая ам.долларын мөнгөн тусламж олгоно гэж Европын Комисс даваа гарагт мэдэгджээ.


“Мьянмар дахь рохинжа дүрвэгсдийн нөхцөл байдал улам бүр дордож байна. Тус улсад болж буй хүчирхийллийн улмаас орон гэрээ орхин дүрвэж байгаа хохирогчдыг бид мартаж болохгүй. Энгийн иргэдийг хамгаалах нь Европын Холбооны тэргүүлэх чиглэл хэвээр байна” гэж ЕХ-ны хүмүүнлэгийн тусламж, иргэний хамгааллын асуудал эрхэлсэн комиссар Христос Стилианидис мэдэгджээ.


Мөн тэрбээр, “энэхүү тусламж нь Мьянмарын Качин, Шан, Ракхайн муж дахь Үндсэн хуулийн эрхээ эдэлж чадахгүй байгаа эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалахад зориулагдана” гэв.


Европын Холбоо 1997 оноос хойш Мьянмарт нийт 273 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгосон гэж мэдэгдэлд дурджээ.

Холбоотой мэдээ