Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 116 дуудлага Цагдаагийн газарт иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-02 16:12:34

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Прокурорын газраас аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг 2019 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ.

Судалгаагаар аймаг дахь Цагдаагийн газарт 2019 оны 6-р сарын 30-ны өдрийн байдлаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн талаарх нийт 116 дуудлага, мэдээлэл ирснээс 36 гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, 10 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 58 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг тус тус нээж, 3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Зөрчлийн хэрэг нээж, шийдвэрлэсэн 58 зөрчлийн 56-г “нөхөр”, 1 зөрчлийг “төрсөн охин”, 1 зөрчлийг “хамтран амьдрагч” шөнө оройн цагаар үйлдсэн бол нийт зөрчлийн 57 нь гэрт, 1 нь гудамж, талбайд үйлдэгджээ. Уг зөрчлүүдийн 39 буюу 67 хувь нь Эрдэнэбулган суманд үйлдэгдсэн байна. Судалгаагаар зөрчлийн хэрэг бүртгэлд явуулсан 58 хэргийг холбогдогч нар нь бүгд согтуугаар үйлдсэн байх ба иргэдийн архи, согтууруулах ундааны зүй зохисгүй хэрэглээ их байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, зөрчил үйлдэгдэх шалтгаан нөхцөл болж байгаа нь тогтоогдов.

Аймгийн Прокурорын газраас энэ төрлийн зөрчил үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор Эрдэнэбулган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөр тус сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа зарж борлуулж байгаа, үйлчилгээ үзүүлж байгаа цэгүүдийн тоо, тархац нь энэ талаарх харилцааг зохицуулсан хууль, заавар, журамд нийцэж байгаа эсэхийг шалган тогтоож, холбогдох арга хэмжээг авах, сумын иргэдэд архи, согтууруулах ундааны зүй зохистой хэрэглээний талаарх сургалт, яриа таниулгыг үр дүнтэй зохион байгуулж, сурталчлан таниулах ажлуудыг тус тус хийлгэхээр прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

Холбоотой мэдээ