Вакцинатор сувилагчийн мэргэжлийн ур чадварт анхаарах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-02 17:16:32

Архангай /МОНЦАМЭ/. Олон нийтэд дархлаажуулалтын талаарх мэдлэг мэдээлэл олгох, товлолт болон сайн дурын дархлаажуулалтын хувь хэмжээг өсгөх зорилгоор аймаг, сумдын шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн төвийн дарга нарын дунд зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Орчин үед тарилгаар эмчлэгддэг халдварт өвчний тоо буурч байгаа сайн талтай ч глобалчлалын нөлөөгөөр судлагдаагүй шинэ вирусүүд бүртгэгдэж байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд хэлж байлаа. Тиймээс дархлаажуулалтын талаарх мэдлэг мэдээллийг иргэдэд үнэн зөвөөр ойлгуулах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд халдварт өвчний тандалтад онцгой анхаарах шаардлага үүсч байгаа гэлээ. Архангай аймгийн хувьд 80,90-ээд оны үед дархлаажуулалт бүхий халдварт өвчин мэр сэр гардаг байсан байна. Хамгийн сүүлд 2001 онд сахуутатрангийн өвчлөл, 2015, 2016 онд улаанбурханы өвчлөл гарч байжээ. Сүүлийн 2-3 жилд дархлаажуулалт бүхий халдварт өвчин гараагүй ба энэ нь вакцинд хамрагдалт сайн байгааг харуулж байгаа гэнэ. 

Зөвлөлдөх уулзалтаар хөндөгдөж байсан нэг асуудал нь вакцинатор сувилагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлагыг сайжруулах, цаашлаад нийгмийн асуудал, ажлын байрны тогтвортой байдал дээр анхаарах тухай байлаа. Энэ чиглэлээр хүний нөөцөө бэлтгэн мэргэшүүлж буйг аймгийн ЭМГ-ын дарга хэлж байв.

Энэхүү уулзалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч доктор Сергей Диордица, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн дархлаажуулалт хөтөлбөр хариуцсан захирал доктор Ёоши болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн албаны дарга, удирдлагуудын баг, аймгийн ЭМГ хамтран зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ