Шашингүй үзэлт оюутны амийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-07 14:51:59

ДАКА. /ВВС/. Шашингүй үзлээ цахим хуудсаар илэрхийлсэн Бангладеш оюутны амийг хөнөөсөн аймшигт хэрэгт тус улсын нийслэл Дака хотод болсон байна. Тэрбээр хуулийн чиглэлээр сурдаг байжээ.

Назимуддин Самад гэдэг оюутан замын уулзвар дээр хутгалуулж, буудуулсан гэж Цагдаагийн газар мэдээлжээ.

 28 настай тэрбээр “Ganajagran Manch” гэдэг шашингүй үзэлтнүүдийн бүлгэмийг үүсгэн байгуулагч юм.

Олонд танигдсан шашингүй үзэлт блогчид Бангладеш дахь шашны хэт давруу үзэлтнүүдийн гарт амиа алдах, тэдний халдлагад өртөх явдал өнгөрсөн нэг жилийн хугацаанд ихээхэн газар авсан байна.

Бангладеш нь албаны ёсоор шашингүй үзэлт улс боловч дээрхтэй адил халдлагаас сэргийлэх арга хэмжээг Засгийн газрын зүгээс авахгүй байгаад иргэд нь шүүмжлэлтэй ханддаг байна.

Цагдаагийн газрын мэдээлснээр, мотоциклтой гурван этгээд Назимуддин Самадад халджээ. Уг хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийн талаар цагдаагийн газар мэдээлээгүй бөгөөд энэ халдлага шашин шүтлэгээс үүдэлтэй эсэх нь тодорхойгүй байна.

Хохирогч залуу Жаганнатха их сургуульд сурдаг байсан бөгөөд тэрбээр шашны хэт давруу үзлийг шүүмжилсэн тайлбар, сэтгэгдлүүдээ өөрийн фэйсбүүк хуудсандаа байнга бичдэг байжээ. Үүнээс гадна тэрбээр фэйсбүүк хуудсандаа “би шашин шүтдэггүй” гэж бичиж байв.

Өнгөрсөн онд шашингүй үзлийг сурталчилдаг дөрвөн блогч хутгалуулж амиа алдсан байна. 2013 онд “Лалын улс” бүлэглэлийн гаргасан “бурхангүй үзэлтэн блогчид” жагсаалтад дээрх дөрвөн хүний нэр орсон байна. Уг жагсаалтад 84 хүний нэр орсон нь олон нийтэд ихэд тархжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ