Хонконгт бямба гарагт жагсаал зохион байгуулахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-29 15:41:02

ХОНКОНГ. /АР/. Наймдугаар сарын 31-ний бямба гарагт засгийн газрын эсрэг томоохон жагсаал зохион байгуулах хүсэлтэд Хонконгийн цагдаа нар татгалзсан хариу өгчээ. Энэ тухай эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагч ардчиллыг дэмжигч “Хүний эрхийн төлөө иргэний фронт” хөдөлгөөний төлөөлөгч Жимми Шам мэдээлсэн байна.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбоотойгоор аюулгүй байдлыг хангах үүднээс жагсаал зохион байгуулахыг хоригложээ. “Жагсагчид галдан шатаах, зам хаах зэргээр эмх замбараагүй байдал дэгдээгээд зогсохгүй танхай балмад, хууль бус үйлдэлдээ ашиглах зорилгоор гар аргаар хийсэн зэвсэг болон шатах бодис бүхий лонх, төмөр бөмбөг, саваа, тоосго, жад ашигласан нь нийгмийн эмх журмыг алдагдуулж, олон хүн гэмтэхэд хүргэсэн” гэж цагдаагийн мэдэгдэлд дурдсан байна.


Засгийн газрыг эсэргүүцэгчид Хонконгийн төвд олныг хамарсан жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байжээ. 


БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа эсвэл эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг Хонконгоос эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт хоёр сар гаруй үргэлжилж байгаа юм. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам олон нийтийн шахалтаар уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан боловч эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа билээ.



 


Холбоотой мэдээ