873 автобус нийтийн тээврийн үйлчилгээний стандарт хангахгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-08-29 12:17:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас танилцуулж буйгаар, өнөөдөр Улаанбаатар хотод өдөрт 950 автобус үйлчилгээнд гарч 500 мянган зорчигч тээвэрлэж байна. Одоо явж буй нийтийн тээврийн хэрэгслийг стандарт болон ангилал, ашиглалтын хугацаагаар авч үзэхэд ирэх онд их багтаамжийн 211 автобус нийтийн үйлчилгээнээс хасагдахаар байгаа аж.  

Өнөөдөр болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны эхэнд нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахад нийтийн тээврийн нөлөөлөл ямар байгааг хэлэлцэх үеэр ийнхүү мэдээллээ. 

Нийтийн тээвэрт 12 жил явсан автобусыг ашиглахыг хориглодог. Энэ стандартаар тооцоход, 2019-2021 онд одоогийн явж буй, их багтаамжийн 873 автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс гарна. Энэ нь нийтийн тээврийн хэрэгслийн 73 хувь болж байгаа аж. Энэ хаврын авто техникийн үзлэгээр гэхэд, нийтийн тээврийн 109 автобус үйлчилгээнд явахад тэнцэхгүй гэж гарч байх жишээний. 

Үүнээс үзэхэд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл огт хийгдээгүй, нөхөн хангах байдлаар явж буйг мэдэгдэв. Тодруулбал, хувийн хэвшлийн ААН, байгууллагууд БНСУ-аас тухайн улсдаа стандартаар үйлчилгээнээс хасагдсан, хуучин тээврийн хэрэгсэл оруулж ирэх замаар паркийг нөхөн хангаж байна. Тиймээс парк шинэчлэхэд зарцуулах хөрөнгийг 2020 оны нийслэлийн төсөвт тусгах шаардлагатай байна гэв. Үүнтэй зэрэгцэн техникийн шаардлага хангахгүй байгаа автобусуудыг хязгаарлаж, цахилгаан болон байгалийн шахсан хий (CNG)-гээр ажилладаг автобусуудыг түлхүү ашиглах хэрэгцээ шаардлага тулгарч байгааг мэдэгдлээ.

Одоогийн байдлаар Япон улсын олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллага болон БНСУ-ын зарим байгууллагын шугамаар нийтийн тээврийн автобусуудад утааны шүлтүүр тавьж байгаа ч энэ ажил техникийн ажиллагаанаас болж хангалтгүй байна. Мөн нийтийн тээвэрт цахилгаан автобусны хангалт цөөн, байгалийн хийгээр явдаг автобусанд хийн нийлүүлэлт дутмаг, тогтмолжоогүй байдалтай байгааг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөрийг танилцуулж хэлэлцэн батлуулна. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 144-р цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 83-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын талаар хэлэлцэх юм.

Б.Болд

Холбоотой мэдээ