“WorldSkills 2019” тэмцээнд Хятад улс медалийн тоогоор тэргүүлжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-28 11:19:30

КАЗАНЬ. /РИА Новости/. Казань хотод болсон Мэргэжлийн ур чадварын дэлхийн аварга шалгаруулах “WorldSkills 2019” тэмцээн өнгөрсөн мягмар гарагт өндөрлөжээ. Тэмцээнд Хятадын баг 16 алт, 14 мөнгө, 5 хүрэл медальтайгаар нэгдүгээр байрыг эзэлжээ. Оросын баг 14 алт, 4 мөнгө, 4 хүрэл медальтайгаар хоёрдугаар байранд орсон бол Солонгос гуравдугаар байрын эзэн болсон байна. Солонгос улс 7 алт, 6 мөнгө, 2 хүрэл авжээ.


ОХУ-ын баг “Зочид буудлын удирдлага”, “Полимер материалаар бүтээгдэхүүн хийх”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Лабораторийн химийн дүн шинжилгээ”, “Хэвлэлийн технологи”,  “Хоол хийх”, “Суудлын автомашины засвар, үйлчилгээ” болон бусад төрөлд алтан медаль хүртсэн байна.


Мэргэжлийн ур чадварын ДАШТ болох “WorldSkills 2019” Казань хотод энэ сарын 22-27-нд болжээ. Тэмцээнд 63 орны 22 хүртэлх насны 1300 хүн оролцсон байна. Тэмцээнийг явуулах хотоор Казань 2015 онд сонгогдож байжээ. Энэ эрхийн төлөө Парис болон Бельгийн Шарлеруа хотууд өрсөлдөж байсан аж.


WorldSkills International” тэмцээн нь ажил мэргэжлийн ур чадварыг түгээн дэлгэрүүлэх мэргэжлийн сургалт, мэргэшлийн статус, стандартыг нэмэгдүүлэх зорилготой олон улсын хөдөлгөөн бөгөөд мэргэжлийн ур чадварыг сорьсон хамгийн том тэмцээн юм. 

Холбоотой мэдээ