У.Хүрэлсүх: Залуучуудын хөгжлийн сан байгуулахыг дэмжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-26 17:40:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуучуудын хөгжлийн үндэсний V чуулган “Хүчээ нэгтгье: Залуучуудын манлайлал” уриан дор өнөөдөр Үндэсний соёл-амралтын хүрээлэнгийн “White rock” төвд боллоо.

 

Монгол Улсын Засгийн газар, ХНХЯ, Залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгуулсан чуулганд төрийн болон ТББ, хот хөдөөгийн болон олон улсын байгууллагын 600 гаруй залуусын төлөөлөгч оролцов. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг зэрэг албаны хүмүүс оролцов.

Чуулганы нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Би өнөөдөр Та бүхэнтэй залуучуудын хөгжил, оролцоог дэмжих Засгийн газрын бодлого шийдвэрийн талаар гэхээсээ илүү энэ орны ирээдүйг тодорхойлж, хөгжил дэвшлийг түүчээлэн авч явах монгол залуу хүн юу хүсэж мөрөөдөж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад ямар дэмжлэг хэрэгтэй байгаа, мөн залуус маань төр засагтайгаа хамтраад тулгамдсан зүйлээ шийдвэрлэх зөв гарц, шийдлийг олох. Энэ талаар та нарын саналыг сонсож, чөлөөтэй, нээлттэй ярилцья гэсэн юм” гэдгээ илэрхийлсэн юм.

 

Тэрээр, “Манай улсын нийт хүн амын 33, хөдөлмөрийн насны хүн амын 50 хувь нь 15-34 насны залуучууд Та бүхэн байна. Тиймээс улс орны хөгжил, дэвшил, ойрын болон хэтийн ирээдүй залуучууд Та бүхнээс шалтгаална” гээд Засгийн газраас залуучуудаа дэмжсэн олон бодлого, хөтөлбөрийг дэвшүүлж, хэрэгжүүлэхийн төлөө хичээн чармайж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр туссан олон зорилт биеллээ олж хэрэгжиж байгааг товч танилцуулсан юм. Үүнд:

  • Монгол Улс анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг батлан хэрэгжүүлж,
  • Залуучуудыг хариуцсан агентлаг байгуулж, төрийн байгууллагын бүтцийг үндэсний хэмжээнд бий болгосон.
  • Боловсролын зээлийн сан байгуулж, оюутан залуучууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж, төгсөөд ажилтай орлоготой болсныхоо дараа буцаан төлөх тогтолцоог бүрдүүлсэн.
  • Оюутан залуус сурахын зэрэгцээ цаг заваараа ажил хийх “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлан хэрэгжүүлж байна.
  • Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байгаа зэргийг онцгойлон дурдсан юм.

 

Чуулганы үндсэн илтгэлийг “Залуучуудын хөгжлийг дэмжих төрийн бодлого, үйл ажиллагаа” сэдвээр ХНХ-ын сайд С.Чинзориг тавьсан юм. Тэрээр илтгэлдээ Монгол Улсын төрөөс анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2017 онд батлан хэрэгжүүлж байгаа нь дэлхийн болон бүс нутгийн хүрээнд залуучуудын талаар бие даасан хуультай цөөн орнуудын нэг болсныг онцлоод, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд хувь хүний хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн үндсэн 5 чиглэлээр залуучуудын хөгжлийг дэмжихээр заасныг дурдав.  



Чуулганд оролцогч төрийн түшээд, гишүүд залуучуудад юу амлах вэ гэсэн хөтлөгчийн асуултанд УИХ-ын гишүүн Н.Учрал Залуучуудын хөгжлийн сан байгуулахаа мэдэгдсэнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжиж буйгаа илэрхийлээд, “Би Ерөнхий сайдын хувьд хүүхэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд гэсэн дөрвөн бүлгийн хүмүүсийг анхаарна. Харин бусад хүмүүс өөрсдөө амьдарч нийгмээ авч явах учиртай. Үүний нэг түүчээ залуучууд та юм” гэдгийг онцолсон юм.

Б.Болд

Холбоотой мэдээ