Хүй долоон худагт ОХУ-ын Агаарын цэргийн нисэх хүчний үзүүлбэр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-08-26 14:03:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд зохион байгуулах ажлын талаар НЗДТГ-ын  Цэргийн штаб, Нийтийн тээврийн газар, Соёл урлагийн газар хамтран сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл өглөө. 


НЗДТГ-ын  Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хэлэхдээ, “Халх голын дайны ялалтын ой гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай салшгүй холбоотой үйл явдал болсон. Манай түүхчид дэлхийн II дайны эхлэл байсан гэж хэлдэг. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Улаанбаатар хотын хэмжээнд Халх голын байлдааны ялалтыг тэмдэглэх, хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах, олон нийт, залууст цэрэг эх оронч хүмүүжлийг олгох ажлын баг байгуулсан. Цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар тус тусын үүрэг чиглэлээ авч хяналт тавьж ажиллана. ОХУ-ын хөрөнгөөр Дорнод аймгийн Халх гол суманд байгуулж буй жишиг сумын нээлт есдүгээр сарын 3-нд болно. Энэ үеэр ОХУ-ын тэргүүн ирнэ гэсэн мэдээлэл бий” хэмээв.


Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод ОХУ-ын А.В.Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт энэ сарын 27-нд Соёлын төв өргөөнд болно. Дэлхийд алдартай энэхүү чуулга Монгол Улсад анх удаа тоглох гэж буйгаараа онцлогтой. Мөн олон нийтэд нээлттэй үзүүлэх зорилгоор Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 28-ны 20.00 цагт тоглох юм.


Зэвсэгт хүчний эрдмийн чуулгыг 1928 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг чуулгыг байгуулж, 18 жил тасралтгүй удирдсан ЗХУ-ын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Александр Васильевич Александровын нэрэмжит болгожээ. Аугаа эх орны дайны үед фронтод, одоо дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа ОХУ-ын цэрэг дайчдад тоглолтоо үзүүлдэг. Чуулгын урын санд гадаадын олон орны  2000 гаруй дуу бүжиг, сонгодог уран бүтээлтэй бөгөөд цэрэг дайчиддаа урлагаар дамжуулан урам зориг өгдөг дэлхийд гайхагдсан том чуулга юм. Одоогоор 120 хүний бүрэлдэхүүнтэй, ОХУ-даа төдийгүй дэлхийн 70 гаруй улс оронд аялан тогложээ.


Түүнчлэн ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр Хүй долоон худагт энэ сарын 28-ны 13-15 цагт болно.

Оросын нисэх хүчний харьяа агаарын үзүүлбэрийн “Русские витязи” буюу “Оросын баатрууд” баг анх 1991 онд Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад зургаан Су-27 онгоцтой байгуулагдаж байсан түүхтэй. 1991 онд анхны үзүүлбэрээ Англи улсад Лукарсын агаарын шоунд үзүүлж гараагаа эхэлж байжээ. Түүнээс хойш АНУ-д гэхэд хоёр удаа очиж байсан. Дэлхийн олон улс оронд очиж үзүүлбэрээ үзүүлсээр байгаа аж.

Мөн Хүй долоон худагт “Алдар” спорт хороо 64 бөхийн барилдаан, шагайн харваа зэрэг бэсрэг наадам зохион байгуулах юм. Баярын үйл ажиллагаатай холбогдуулан Офицеруудын ордон, Таван шар, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдаас Хүй долоон худаг руу нийтийн тээвэр үйлчлэх аж.

 

 

Холбоотой мэдээ