Манай улсын баг Ой тогтоолтын нээлттэй тэмцээний аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод энэ сарын 23-25-нд болсон Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай улсын баг нийлбэр дүнгээр аварга боллоо хэмээн Монголын Оюун ухааны академиас мэдээлэв.
Тэмцээнд 6 орны 90 гаруй тамирчин хоёр өдрийн турш өрсөлдсөнөөс, манай улсын 12 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 80 медалиас 14 алт, 20 мөнгө, 23 хүрэл буюу нийт 58 медаль хүртжээ. Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр Монголын Оюун ухааны академи, “Denk Pharma Mongolia” компанийн тамирчин, Олон улсын их мастер Э.Пүрэвжав 6588 оноогоор тэргүүлж аварга болсон бол, удаах байрт их мастер Б.Лхагвадорж шалгарчээ. Өсвөр насны ангилалд шинэ тамирчин Б.Энхбаясгалан, Дархан-Уул аймгаас оролцсон тамирчин Ц.Эмүжин нар II, III байрт тус тус шалгарсан байна. Харин бага насны ангилалд Орхон аймгийн тамирчин А.Должин тэргүүлж Б.Энхлүүн нийлбэр оноогоор III байрт оржээ.
Бага насны ангилалд өрсөлдсөн
Б.Жамбалбаярням "Images" төрөлд 5 минутад 330 зураг тогтоон дэлхийн
рекордыг шинэчлэн тогтоожээ.
Мөн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, олон улсын шүүгч
Б.Баасандорж Азийн холбооны шилдэг дасгалжуулагчаар шалгарч цом хүртэв.
Дашрамд дурдахад, Монголын Оюун ухааны академийн тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонконг, Сингапур, Австри, Индонези, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 54 дэх тэмцээндээ амжилттай оролцон медалийнхаа тоог 937 болгож дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.