Онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасыг ашиглалтад хүлээн авлаа

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-08-25 10:09:52

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Доной нисэх онгоцны буудал хатуу хучилттай зурвасын барилгын ажлаа дуусгаж улсын комисс хүлээн авлаа. 
Нээлтийн ёслол наймдугаар сарын 24-нд болж Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар, Нисэх буудлуудын удирдах газрын Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Ганхуяг, аймгийн Засаг даргын орлогч дарга Ч.Пунцаг, Б.Ариунаа, Доной нисэх буудлын дарга Д.Алтан-Уул, Алдархаан сумын Засаг дарга Ж.Батдэлгэр болон албаны бусад  хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов.


Зам барих хөрөнгийг 2008 онд шийдвэрлэж байсан хэдий ч хэд хэдэн удаа төсөвт тодотгол хийж санхүүжилтийг дахин шийдвэрлэснээр онгоц хөөрч буух зурвасын барилгын ажлыг "Хурдны зам" ХХК өнгөрөгч зургадугаар сараас гүйцэтгэж эхэлжээ. 

Найман тэрбум 650 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй онгоц хөөрч, буух зурвас нь 2860 метрийн урттай, 30 метрийн өргөн хатуу хучилттай.

"Хурдны зам" ХХК  нисэх буудлын аэродром 3С хяналтын код бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадал бүхий 2860х30 метр хэмжээтэй хөөрч буух зурвас болон 300х15 метрийн хэмжээтэй явгалах зам бүхий тоосгүйжилтын талбай, тоормозлох зурвас бүхий иж бүрэн аэродром болон үерийн ус зайлуулах суваг бүхий ажлыг хоёр сарын хугацаанд гүйцэтгэж дуусгажээ. Замын ажлыг техникийн болон улсын комисс 2019 оны наймдугаар сард хүлээн авснаар Завхан аймагт ямар ч төрлийн онгоц чөлөөтэй буух боломж бүрдэж буй.



Алслагдсан аймагт нислэгийн тоог

нэмэгдүүлэх боломж нээгдэв


"Доной" буудлын хатуу хучилттай хөөрч буух зурвасыг ашиглалтад хүлээн авах нээлтийн үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлэхдээ, "Анх 1956 онд байгуулагдаж байсан Доной нисэх буудал эдүгээ өргөжиж нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас, явгалах зам бүхий аэродромын иж бүрэн барилга байгууламжийн ажлыг ашиглалтад хүлээн авч байгаад баяртай байна.

Орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, үе шаттайгаар өргөтгөх, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх төрийн бодлого, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах, орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах Монгол Улсын Засгийн газраас тавьсан зорилтын хүрээнд 2019 оны долдугаар сарын 3-ны 283 дугаар тогтоолоор “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг баталсан.


Алслагдсан аймаг руу хийх нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах иргэн, 18 хүртэлх насны хүүхэд орон нутгийн нислэгээр хөнгөлөлттэй зорчих тогтолцоо бүрдүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийг өвлийн улирлаас эхлэн хэрэгжүүлнэ.

Урт удаан хугацаанд үргэлжилсэн энэхүү бүтээн байгуулалтын ажилд оролцсон бүх хүмүүст, Иргэний нисэхийн ерөнхий газар, "Хурдны зам" компанийн хамт олон та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яамны хамт олны өмнөөс халуун талархал илэрхийлье. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье" гэв.



Нислэгийн аюулгүй байдал хангагдлаа


Завхан аймгийн "Доной" нисэх буудлын дарга Д.Алтан-Уул,

"Завхан аймгийн Доной нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвасын нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэндээ баярлалаа.

Хөөрч буух хатуу хучилттай зурвас баригдсанаар нисэхийн аюулгүй ажиллагаа болон нислэгийн аюулгүй байдал хангагдаж, агаарын тээврийн парк шинэчлэлээр шинэчлэгдсэн агаарын хөлгүүдийг хүлээн авч үйлчлэх боломжоор бүрэн хангагдав.

2008 онд эхэлсэн 2860х30 метр бүхий хөөрч буух зурвас, 300х15 метр бүхий явгалах зам, үерийн хамгаалалтын далангийн барилгын ажлыг техникийн болон улсын комисс хүлээн авлаа.

Энэхүү бүтээн байгуулалтад гар бие оролцсон нийт хүмүүст Завхан нутгийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье. Цаашид манай нисэх буудлын хамт олон нислэгийн аюулгүй байдлыг ханган зорчигч, үйлчлүүлэгчдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэн ажиллах болно” гэв.


"Доной" нисэх буудлын хүчин чадал нэмэгдэв

"Доной" нисэх буудал нэг цагт 100 хүн хүлээн авах хүчин чадалтай.  

Түүхийг сөхөхөд Завхан аймгийн нисэх буудал 1956 оны зургадугаар сард Улиастай хотоос 32 км-ийн зайд орших Алдархаан сумын нутаг Донойн хөндийд байгуулагдаж 1999 онд сансрын холбооны тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдож "МИАТ", "ТАС", "Блу Скай", "Тэнгэрийн Улаач" зэрэг компанийн агаарын хөлөг нислэг үйлдэж эхэлсэн байдаг.

Мөн 1987-1994 онд Донойн хөндийд "АН-24", "АН-26", "АН-30" онгоц хүлээн авч байгаад газрыг нь 1994-2002 онд аймгийн төвийн урд дэнжид шилжүүлсэн  байна.

Улмаар 2002 онд Донойн хөндийд шинээр онгоц хөөрч буух сайжруулсан шороон зурвас, нисэх буудлын барилга байгууламж баригдсанаар нисэхийн аюулгүй ажиллагаа болон нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж зорчигчдод ая тухтай үйлчлүүлэх тоотой орчин бий болж үйл ажиллагаа нь тогтмолжсон аж.

Харин 2006 онд Ургамал суманд сансрын холбооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон олон улсын өнгөрөлтийн цэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн аж.

2010 онд AFTN-ийн хоёр дахь сүлжээ ашиглалтад орсны зэрэгцээ 2009 онд Улиастайгаас Доной нисэх буудлыг холбосон шилэн кабель татах ажлыг хэрэгжүүлж орчин үеийн техник технологийг ашиглах боломжийг бүрдүүлсэн нь нислэгийн аюулгүй байдлыг хангахад томоохон үүрэг гүйцэтгэж буй аж. 

Холбоотой мэдээ